Д.ОЮУНЧИМЭГ
Иргэдэд сар бүр олгодог 21 мянган төгрөг тараах ажил өнгөрсөн сараас дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор мөнгөө тухай бүрт нь аваагүй иргэд хоосон хоцрох нь гэсэн яриа үүсээд буй. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг наадмаас өмнө тараана хэмээн хүлээлт үүсгээд байгаа.
Сангийн яамны “Хүний хөгжил сан”-гийн ажлын албаны дарга О.Хуягцогтоос энэ талаар тодрууллаа.
-Хувь хишгээ цаг тухайд нь авч чадаагүй иргэдийн мөнгийг яагаад олгохгүй байна вэ. Сар бүр санхүүжилтийг нь дутуу хийж байсан хэрэг үү?
-Үүнийг хэрэгжүүлж буй Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тодруулах хэрэгтэй. Бидний зүгээс хэдэн хүнд олгосон, бас хэдэн хүн дутуу байгаа тухай тооцоо нийлж авах хүсэлт гаргасан байгаа. Ер нь иргэдэд олгох мөнгө бүрэн очсон байх ёстой. Яагаад гэхээр сар бүр 2,8 сая хүнээр тооцож санхүүжилтийг хийдэг байсан.
-Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдийн мөнгийг улсын орлого болгоно гэж яригдаад байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Улсын орлого болгоно гэсэн ойлголт огт байхгүй. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэнд сар бүр 21 мянган төгрөгийг хуваарилж санхүүжилтийг бүрэн хийдэг байсан. Сангийн яамнаас энэ оны эхний таван сард нь 21 мянга, зургадугаар сард 23 мянган төгрөг олгохоор төсөв батлуулсан. Нийт 358,4 тэрбум төгрөгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд хүсэлтийнх нь дагуу санхүүжүүлсэн. Тэгэхээр тус хэлтэс, арилжааны банкуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хүн тус бүрт харилцах данс нээсэн байх шаардлагатай. Тиймээс иргэдийн мөнгө өөрийнх нь дансанд байх ёстой.
-Иргэдэд олгох ёстой, үлдсэн 340 мянган төгрөгийг хэзээнээс олгож эхлэх вэ. Санхүүжилт хийх мөнгө байгаа юу?
-Өнгөрсөн сарын 25-ны байдлаар 660 мянган төгрөгийг бүх аймаг, дүүрэг, сумдад олгосон. Үлдэгдэл 340 мянган төгрөгийн олголт удаашралтай байгаа нь үнэн. Энэ оны төсөвт 12 сарын турш хуваарийн дагуу орлого орох ёстой. Уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниуд экспортод гаргасан бүтээгдэхүүний хэмжээгээр татвараа төлдөг. Гэтэл “Хүний хөгжил сан”-гаас гарах зардал нь эхний зургаан сард 100 хувь гарах болж байна. Харин орлого нь 12 сард хуваагдаж төвлөрөх учраас богино хугацаанд санхүүжилтийн эх үүсвэр дутагдсан. Гэхдээ бид тодорхой арга хэмжээ авсны дүнд эхний хоёр ээлжийн мөнгийг олгосон. Гурав дахь ээлжийнхийг нь татварын орлого төвлөрсөн хэмжээгээр хэсэгчлэн аймгуудаар олгохоор ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт 340 мянган төгрөг авах иргэдийн тоогоор санхүүжилт хийсэн байгаа.