Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Төлбөрийн чадамжгүй ч сурлага, спорт, нийгмийн амжилт үзүүлсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөрийн талаар Ажиа Гэгээний “Зөв тэтгэлэг сан”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан ажилтан, АШУҮИС-ийн нийгмийн ажлын багш О.Саранчулуунтай ярилцлаа.
-“Зөв тэтгэлэг сан” болон тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр манай улсын хүн амын гуравны нэг нь орлогогүй болсон, ядууралд орсон судалгаа байдаг. Ядууралд өртсөн гэр бүлийн хүүхдүүд төлбөрийн чадваргүйгээсээ болж их сургуульд орох бодлоо найм, есдүгээр ангиасаа орхиж ажил хийхийг илүүд үзэх хандлага байна. Үүнээс болж боловсролгүй хүн олон болж, ядуурлын тоо өссөөр байгаад эмзэглэж Ажиа Гэгээний үүсгэн байгуулсан “Эх орондоо хайртай, зөв Монгол хүнийг бий болгоё” гэсэн зорилго бүхий “Зөв тэтгэлэг сан”-гийн хамт олон төлбөрөө төлөх чадваргүй сурагчдад дэмжлэг үзүүлдэг. Энэхүү тэтгэлэгт сан сурлага , урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвхи зүтгэлтэй хүүхдүүдэд дөрвөн жилийн сургалтын төлбөр, хувь хүний хөгжлийн болон нийгмийн арга хэмжээний хөтөлбөр бүхий 20 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр олгодог. Энэ жил гурав дахь жилдээ элсэлтээ авч байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт гурван үе шаттай. Эхний шатанд Arightscholar.org сайтаар бүртгүүлнэ. Бүртгэлд бүрэн дүүрэн материалаа өгсөн хүүхдүүдийг хоёрдугаар шатанд шалгаруулдаг. Энэ шатанд, өрхийн орлогын баримт, хорооны Засаг даргын амьжиргааны түвшин тодорхойлох болон оршин суугаа газрын тодорхойлолт, ангийн багш, нийгмийн ажилтны тухайн сурагчийн сурлага нийгмийн идэвхийн үнэлэмж, ар гэрийн нөхцөл байдал буюу эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ амжилттай суралцахад юу хийдэг зэрэг хүчин чармайлтыг хардаг. Хүүхдүүдийг бүлэгт хуваарилж нийгмийн ажил хийлгэн цаг хэр баримталдаг, багаар ажиллах чадвар, харилцаа идэвхи оролцоо зэргийг тус тус харгалзан үздэг. Хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд нэг хоёрдугаар шатны материалаа нэгтгээд гуравдугаар шатанд гэр бүлийн нэг гишүүний хамт шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүний өмнө ярилцлаганд орсноор жил бүр 10-15 хүүхэд шалгаруулж авдаг.
-Шалгарсан хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөс гадна өөр ямар дэмжлэг, боломж олгодог вэ?
-Шалгарсан хүүхдэд дөрвөн жилийн төлбөр болон сэтгэл зүйн үйлчилгээ, гэрээт байгууллагуудтай хамтарсан карьер менежментийн зөвлөгөө, сургалт, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ.
Манай сангийн зорилго эх орондоо хайртай зөв Монгол хүнийг бий болгоход оршдог. Энэ тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил хийнэ, төсөл бичиж сурна, өөртэйгөө ажиллах сэтгэл зүйн чадамжтай болно гэх мэт олон давуу талтай.
Бидний хүсдэг зүйл бол төлбөрийн чадамжгүйгээс болж ажиллахыг илүүд үзэж байгаа хүүхдүүд болон тэдгээрийг удирдаж байгаа анги удирдсан багш нар манай хөтөлбөрийг илүү таньж мэдээсэй. Ар гэрийн нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалж амжилтад хүрэх боломж байдаг гэдэгт итгээрэй гэж хэлмээр байна. Мөн манай санд 21 аймгийн сум болгоны ерөнхий боловсролын сургуулиас хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын төрийн өмчийн их сургуульд элсэх болзлоо хангасан арванхоёрдугаар анги төгссөн хүүхдүүд хамрагддаг. Хөтөлбөр маань жил бүр зохиогддог учраас төлбөрийн чадамжгүй ч цаашид суралцах хүсэл эрмэлзэлтэй төгсөх ангиас доошхи ангийн хүүхдүүд эртнээс бэлдэж хамрагдаасай гэж хүсэж байна.
-Сангийн нэртэй холбоотойгоор шашны үйл ажиллагаа явуулж магадгүй гэсэн хардлага төрж магадгүй?
-Манай сан улс төр, шашны дагнасан үйл ажиллагаа явуулдаггүй. Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүддээ ямар нэгэн байдлаар буддын шашныг дэмжих зэрэг дарамт шахалт учруулдаггүйг онцолмоор байна.
-Дөрвөн жилийн хугацаанд төлбөрийг нь төлдөг үү. Гэрээнд ямар нөхцөл тусгаж өгдөг вэ?
-ЭЕШ-тай зэрэгцээд бүртгэлээ зарлаж эхэлдэг. Энэ жил орон нутгийн оюутнуудад зарлаж байгаа учраас өрсөлдөөн их байна гэж харж байгаа.Тэр хэрээр шалгуур өндөртэй болно. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэйгээ дөрвөн жилээр гэрээ хийж оюутны төлбөрийг төлдөг.
Тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүд болон эцэг эхтэй нь хариуцлагын гэрээ хийнэ. Гэрээнд заасан голч дүнд хүрэхгүй мөн сайн дурын үйл ажиллагаа болон сургалт зөвлөгөөнд хамрагдахгүй бол нэг удаа сануулга өгч дараагийн удаа тэтгэлэг өгөхөөс татгалзахаар заасан. Яагаад гэвэл өөр олон хүүхдийн боломжийг аваад би чадна гэж орж ирсэн болохоор чадахгүй бол өөр нэг чадах хүүхдэд өгсөн нь илүү шударга шүү дээ.
-Нэгдүгээр шатандаа тэнцсэн хөдөө орон нутгийн хүүхдүүд хоёр болон гуравдугаар шатандаа хэрхэн оролцох вэ?
-Хөдөө орон нутгийн хүүхдүүд нэгдүгээр шатандаа тэнцсэн бол хоёрдугаар шатандаа тухайн орон нутагт байгаа мэргэжилтнүүдээр дамжуулж оролцох боломжтой. Хамгийн гол нь тухайн хүүхэд өөрийгөө тодорхойлсон эсээ бичихдээ ирээдүйд хийхийг хүсэж буй зүйлсээ судалгаа, тоо баримттай гаргаж ирэх шаардлагатай.
Харин төрийн сангийн буцалтгүй тусламж авсан, улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн болон гадаадад сургуудьд явж байгаа хүүхдүүдэд тэтгэлэгт хамрагдах боломжгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.9 БААСАН № 138 (6615)