С.ЭНХДӨЛГӨӨН
Манай улс шил шилэн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортоор авдаг. Үүнээс жилд дунджаар 319000 тонн шилний хаягдал үүсч байна. Гэтэл шил нь байгаль орчинд хаягдсан тохиолдолд дор хаяж 1000 жилийн хугацаанд шингэн, хөрсийг элэгдэлд оруулах хор хөнөөлтэй учраас хаягдал шил дэлхий дахины тэмүүлж байгаа ногоон эдийн засгийн чухал хэсэг болно гэгдэж буй юм.
Айл бүрт л хаяж болохгүй, ашиглагдахгүй шил их бага хэмжээгээр цугласан байдаг. Үүнийг дахин ашиглах боломж байна уу гэсэн санал, хүсэлтийг үндэслэн хэрэглэсэн шилийг дахин ашиглах шийдвэр гаргасан байна. Тиймээс жилд хаягдаж, байгальд хөнөөл учруулдаг тэр их шил, нөөц боломжийг ашиглахаар шийдвэрлэж “Газар шим” үйлдвэр хэрэглэсэн шилээ буцаагаад худалдах боломжийг хэрэглэчиддээ олгож байна.
Тиймээс бид “Газар шим” үйлдвэр шилийг хэдэн төгрөгөөр үнэлж, ямар шаардлага тавьж байгаа талаар сурвалжиллаа. Эднийх энэ оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар хотод байрлах хоёр нэрийн дэлгүүр дээрээ хэрэглэсэн шилийг эргүүлэн худалдаж авдаг болсон. Гэхдээ зөвхөн өөрийн нэрийн үйлдвэрийн шил байх, шошгыг хуулж цэвэрлэсэн, хагарсан, цуурсан, сэтэрсэн гэмтэлгүй байх, угааж цэвэрлэсэн зэрэг дөрвөн шаардлагыг тавьж байгаа аж. Ингэхдээ 550 мл-ийн шилийг 70 төгрөг, 720 мл, 900 мл-ийн шилийг 100 төгрөг, 1680 мл-ийн шилийг 300 төгрөгөөр үнэлэн авч мөнгийг бэлнээр нь өгч байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн чанамалын шилээ гамтай эдэлж чадвал хэмжээнээс нь хамаарч 70-300 төгрөгөөр буцаан худалдах боломжтой.
Энэ талаар “ГБТ трейдинг” компанийн борлуулалтын супервайзер Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өгөхдөө “Бид хоёрдогч түүхий эд авах цэгүүдээс мэдээлэл авч, судалгаа хийсний үндсэн дээр дээрх үнийг тогтоосон. Хэрэглэсэн шилийг дахин ашигласнаар оролцогч тал бүр өгөөж хүртэх, шилны импортыг багасгаж гадагш чиглэх валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой. Мөн мэдээж байгаль, хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлөх зэрэг олон давуу талтай” гэлээ.
Харин хэрэглэгчдээс буцаан тушаасан шилийг гурван дамжлагаар угааж цэвэрлэж, усаар зайлж, хатаах бөгөөд өндөр даралтын уураар цельсийн +100 градуст ариутгах юм. Иргэд хэр их шил өгч байгаа талаар “Газар шим” нэрийн дэлгүүрийн худалдагч Ц.Туяацэцэг “Дөрвөн төрөл нийлээд өдөрт дунджаар 10-50 ширхэг орж ирдэг. Ихэвчлэн 550 мл-ийн шил байдаг” гэсэн юм.
Шилээ тушаах хэрэглэгчдийн идэвх их байгаа учраас “Газар шим” үйлдвэр орон нутаг дахь өөрсдийн гэрээт салбаруудаар дамжуулан хэрэглэсэн шил авах ажлыг тун удахгүй зохион байгуулахаар болжээ. Мөн цаашид хоёрдогч түүхий эд авах цэгүүд, харилцагч дэлгүүрүүдээр дамжуулан авч шил авах цэгүүдээ нэмэгдүүлэх юм байна. Уншигчдадаа мэдээлэл хүргэхэд, шил авах нэрийн дэлгүүрүүд Баянгол дүүрэг, аравдугаар хорооллын автобусны буудлын чанх урд, Баянзүрх дүүрэг, Жанжин зах дотор байрлаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.9 БААСАН № 138 (6615)