Б.ТӨГС
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцууллаа. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь цар тахлын улмаас уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.
Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ий 62.3 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос гурван их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн. Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөр нийт 23 ТЕЗ-ийн төсвийн багцад баталсан 4 их наяд 118.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 330.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1347 төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийлээ.
Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд 11.2 хувь буюу 151 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна. Төсөв санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)