ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаатай ажлын байрны шуугиан болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцлаа.

 

-Ажлын байрны дуу шуугианаас үүдэлтэй сонсгол алдагдах байдал цөөнгүй байдаг гэх судалгааг харлаа. Чухам ажлын байрны шуугиан гэх тодорхойлолт нь юу вэ. Ажлын байрнаас гадна сонсгол алдагдах эмгэгийг үүсгэх өөр ямар хүчин зүйл, шалтгаан байна вэ?

-Дуу шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндэд аюултай хүчин зүйл төдийгүй хөдөлмөрийн эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудын нэг юм. Та бидний шууд төсөөллөөр зөвхөн томоохон үйлдвэрийн ажилтнууд шуугианы нөлөөлөлд өртдөг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч шуугианы нөлөөлөлд өртдөг. Ерөөс шуугианаас ангид ажлын байр ховор. Техник технологи бүрэн хөгжөөгүй буюу аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө ажлын байран дахь аюултай шуугианд харьцангуй цөөн хүмүүс өртөж байсан. Тухайлбал, уурын зууханд ажиллаж байсан ажилтнуудад сонсгол бууралт илэрснээр уг өвчнийг Boilermakers disease буюу уурын зуухчдын өвчин гэж тухайн үед нэрлэж байсан. Харин үйлдвэрлэлийн салбарт техник, тоног төхөөрөмжийн хувьсгал, механикжуулах үйл ажиллагаа нэвтэрснээр шуугианы асуудал нэмэгдсэн бөгөөд газар тариалан, уул уурхай, эрчим хүч, барилга зам тээвэр, боловсруулах үйлдвэр зэрэг шуугианы өртөлт өндөртэй ажлын байрууд ихээр бий болсон. Ер нь сонсгол алдагдах эмгэг нь олон шалтгаантай. Гадна, дунд, дотор чихний цочмог архаг үрэвсэл, халдварт өвчнүүд (тархины мэнэн, сүрьеэ, тэмбүү, ДОХ) г.м мөн бодисын солилцоо, дотоод шүүрлийн хямрал зэргээс сонсгол буурах эмгэг үүснэ. Чихээ ухаж байгаад гэмтээх, хүчтэй агаарын даралтаар хэнгэрэг хальсаа хагалах зэрэг нь сонсгол алдагдах эмгэг үүсгэх эрсдэлтэй. Хамгийн гол нь нэгэнт сонсгол алдагдсан бол нөхөн сэргээх боломжгүй. Харин сонсгол алдагдах эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Дэлхийн хэмжээнд сонсгол алдагдалтай насанд хүрсэн хүмүүсийн 16% нь ажлын байрны шуугианаас үүдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад байгаа 2961 тохиолдлын 4.3% буюу 129 нь чих, хамар хоолойн эмгэг эзэлж байна.  

-Сонсгол алдагдах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх  вэ?

-Шуугианы 8 цагт жинлэсэн дундаж хэмжилтээр ажилтан 80 дБА буюу сэрэмжлэх төвшнөөс их шуугианд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь “Сонсгол хамгаалах хөтөлбөр”-ийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээ ажилтны сонсгол хамгаалахад тавих ерөнхий шаардлага MNS 6768:2019” стандартын дагуу хэрэгжүүлэх ёстой.  Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.  

-Шуугианы өртөлтийн үнэлгээ хийх

-Шуугианы өртөлтийг бууруулах арга хэмжээ авах

-Ажилтнуудыг сонсгол хамгаалах хэрэгслээр хангах

-Ажилтнуудад эрүүл мэндийн тандалт хийх

-Ажилтнуудын мэдлэг болон сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэглээг идэвхжүүлэх арга хэмжээ, сургалт явуулах

-Сонсгол хамгаалах хөтөлбөрийн үнэлгээ

-Шуугианы өртөлтийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?   

-Ажил олгогч нь бүх ажлын байрандаа шуугианы тандалт хэмжилтийг хийх шаардлагатай. Тандалт хэмжилтээр сэрэмжлэх төвшнөөс их шуугиантай нь тогтоогдсон бүх ажлын байранд “Шуугианы өртөлтийн суурь үнэлгээ”-г хийнэ. Өртөлтийн үнэлгээгээр 8 цагт жинлэсэн дундаж өртөлт нь сэрэмжлэх төвшнөөс хэтэрсэн ажилтан бүрийг шуугианы өртөлтийн хугацаат мониторингод хамруулах ёстой. Ажилтны 8 цагт жинлэсэн шуугианы дундаж өртөлтийн төвшин 80 дБА-тэй тэнцүү ба түүнээс хэтэрсэн бол 1 жил тутамд хугацаат мониторинг хийнэ. Багаж төхөөрөмж, үйлдвэрлэлийн процессын шинэчлэл, өөрчлөлт, ээлжит засвар үйлчилгээ хийснээс хойш 3 сарын хугацаанд багтаж шуугианы өртөлтийн хугацаат мониторинг хийдэг. Мөн ажлыг гүйцэтгэх дадал өөрчлөгдөх эсвэл ажилтны сонсголын босго төвшинд илэрхий өөрчлөлт гарсан бол шуугианы өртөлтийн үнэлгээг нарийвчлан хийх ёстой. Шуугианы өртөлтийн суурь үнэлгээгээр ажилтны 8 цагт жинлэсэн шуугианы дундаж өртөлт сэрэмжлэх төвшнөөс хэтэрсэн бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

-Шуугианы өртөлтийг бууруулах арга хэмжээг хэрхэн авах вэ?

-Ажилтны  өртөж буй шуугианы 8 цагт жинлэсэн дундаж төвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бол шуугианыг бууруулах арга хэмжээг дэс дараатай, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ. Шуугиан бууруулах арга хэмжээ нь ажилтны 8 цагт жинлэсэн өртөлтийн төвшинг 85 дБА-ээс бага төвшинд хүргэхэд чиглэнэ.

Шуугианы эх үүсвэрийн ашиглалтыг зогсоох буюу арилгах, шуугиан бага гаргадаг машин, тоног төхөөрөмжөөр солих орлуулах, үйлдвэрийн болон үйл ажиллагааны өөрчлөлт хийх, шуугианы эх үүсвэр эсвэл ажилтныг тусгаарласан инженерийн шийдэл хийх, тоног төхөөрөмжийг дуу тусгаарлах материалаар хашилт хийх, шуугианд өртөх өртөлтийн нийт хугацаанд хязгаар тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг эрэмбэ дараатай хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Дээрх арга хэмжээг авах боломжгүй эсвэл авсан арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгаа тохиолдолд чихэнд ирэх шуугиан 80 дБА-ээс бага байгаа эсэхийг баталгаажуулсан сонсгол хамгаалах хэрэгслээр хангаж, хэрэглүүлэх шаардлагатай.

-Шуугиантай нөхцөлд ажиллаж буй ажилтны эрүүл мэндийн тандалтыг хэрхэн хийдэг вэ? 

-Ажил олгогч нь 8 цагт жинлэсэн шуугианы дундаж өртөлт нь 85 дБА-тэй тэнцүү болон түүнээс хэтэрсэн ажилтнуудыг эрүүл мэндийн тандалтын хүрээнд сонсголын бичлэг (аудио метр)-ийн сорилд хамруулах ёстой. Уртасгасан цагаар ажилладаг ажилтны тухайд 10 цагт жинлэсэн дундаж өртөлт 84 дБА, 12 цагт жинлэсэн дундаж өртөлт 83 дБА бол сонсголын бичлэгийн сорилд хамруулна. Чих хамар хоолойн эмч болон сонсголын дагнасан эмч нь шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгийг оношилж, илрүүлдэг. Шуугианы  гаралтай сонсгол алдагдах эмгэгийг илрүүлэхдээ аудио метрийн шинжилгээ, камертоны сорил болон үзлэг хийж оношилдог.   Ажил олгогч нь сонсгол хамгаалах хөтөлбөрт хамрагдсан бүх ажилтанд сонсголын суурь сорил (аудио грамм)-ыг ажилд орохоос өмнө эсвэл ажилд орсноос 30 хоногийн дотор хийнэ. Сонсголын бичлэг хийлгэх ажилтан 85 дБА-тай тэнцүү болон түүнээс дээш шуугианд 12 цагаас ихгүй хугацааны турш өртөөгүй байх ёстой.

Сонсгол хамгаалах хөтөлбөрт хамрагдсан ажилтан бүрийн сонсголын босго төвшнийг жил бүр хэмждэг. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа ажилтанд аудио метрийн сорилыг хийнэ. Аудио граммын давтан сорилын дүнг ажилтны сонсголын суурь бичлэгтэй нь харьцуулан сонсголын босго төвшинд өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлох юм. 

-Сонсгол хамгаалах хэрэгслийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?

-Сонсгол хамгаалах хэрэгсэл нь хамгийн сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг гэж ойлгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн арилгах, орлуулах, инженер технологийн, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлээд үр дүнгээ өгөхгүй, боломжгүй байгаа тохиолдолд сонсгол хамгаалах хэрэгслийг хэрэглүүлэх шаардлагатай. Ажил олгогч 8 цагт жинлэсэн дундаж шуугианы өртөлтийн төвшин нь 80 дБА ба түүнээс хэтэрсэн ажилтан бүрт сонсгол хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй олгож хэрэгжүүлнэ. Сонсгол хамгаалах хэрэгсэл нь ажилтны 8 цагт жинлэсэн дундаж өртөлтийн “бодит төвшин”-ний 80 дБА-ээс бага хэмжээ хүртэл бууруулах үр нөлөөтэй байна. 

Шуугианы өртөлтийн бодит төвшин гэдэгт сонсгол хамгаалах хэрэгсэл зүүх үед ажилтны чихэнд нөлөөлөх өртөлт юм. 8 цагт жинлэсэн дундаж шуугианы өртөлт нь 100 дБА-ээс хэтэрсэн нөхцөлд ажилладаг ажилтанд сонсгол хамгаалах чихний бөглөө, чихэвчийг давхар хэрэглүүлнэ.  Ажил олгогч сонсгол хамгаалах олон төрлийн хэрэгслийн сонголт хийж, тэдгээрийн тохиромжтой байдал, зөв хэрэглээний талаарх ажилтнуудад зориулсан сургалтыг жилд нэг ба түүнээс олон удаа хийх шаардлагатай байдаг.  Ажил олгогчид аливаа өвчнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажилтнуудынхаа эрүүл мэндийг хадгалж үлдэхэд асар их бүтээн байгуулалтыг хийх боломжтой.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.22 МЯГМАР № 124 (6601)