Б.ТӨГС
Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ ертөнц дээр амьдарч байгаа хүн бүрийн амьдралд шууд нөлөө үзүүлдэг цөлжилт, хуурайшилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж, зорилтот ажлуудыг зохион байгуулахын тулд энэ өдрийг дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт газар нутгийн 23 хувь нь үржил шимгүй болж, 75 хувь нь байгалийн унаган байдлаа тодорхой хэмжээнд алдсан гэсэн шинэ баримтыг өчигдөр зарлалаа.Газар ашиглалтын энэхүү өөрчлөлт нь хүн төрөлхтний түүхэн дэх бүх цаг үеийнхээс илүү хурдтай явагдаж байгаа бөгөөд сүүлийн 50 жилийн хугацаанд улам хурдацтай явагдаж байна гэжээ.
Дэлхийн улс орнууд цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авахыг амласан бэ. 100 гаруй улс орны амлалтыг авч үзвэл тэд нийлээд ойрын арван жилдээ бараг нэг тэрбум га газрыг буюу Хятад улсын нутагтай дүйцэхүйц газрыг сэргээн засварлана гэж амлажээ. Тэгвэл энэ амлалтаа эргэн санаарай, үүнд хүн бүрийн маш чухал байна гэж өчигдөр НҮБ-аас мэдээлсэн юм. Ойрын хоёр жилд дэлхий ертөнц COVID-19 гэсэн ганцхан асуудалтай тэмцэж, бүхнээс чухал асуудал нь хүний эрүүл мэнд болж хувирсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгвэл үүнийхээ хажуугаар амласан амлалтаа санаж алхам алхмаар ч болсон урагшлуулж байгаарай гэж илтгэлдээ дурьджээ. Цар тахалтай тэмцэхийн их ажлын хажуугаар өдрөөс өдөрт доройтож байгаа хөрсөө нөхөн сэргээхэд хүн бүр хувь нэмрээ оруулаарай, бодлого тодорхойлогчид, удирдан чиглүүлэгч нартаа туслаарай гэж НҮБ-аас уриалжээ. Учир нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний гурвыг хүн төрөлхтөн өөрчилж, өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэглээ, түүхий эд, үйлдвэрлэлд ашиглаж байна.
Харин Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг таван жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд буюу тав дахь удаагийн үнэлгээг 2020 онд хийсэн байна. Тус судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоосон гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Тиймээс цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж 2021 онд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймагт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийж эхлүүлсэн байна. Мөн ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж. НҮБ-аас цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш гэдгийг анхааруулж улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 195 улс орон нэгдсэнээс Монгол улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталж эхний 50 орны нэг болсон байна.
Цөлжилт эрчээ авахад байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээ харуулах болсон гэлээ. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгажээ.
Цөлжилт гэж юу вэ. Цөлжилт гэдэг нь хуурай, хагас хуурай, хуурай чийглэг газар дахь газрын доройтлыг хэлнэ. Энэ нь голчлон хүний үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Цөлжилт гэдэг нь одоо байгаа цөл газрыг тэлэхийг хэлдэггүй. Энэ нь дэлхийн нийт газар нутгийн гуравны нэг хувийг эзэлдэг хуурай газрын экосистем хэт их ашиглалт, газар зүй зохисгүй ашиглахад маш эмзэг байдаг тул тохиолддог. Ядуурал, улс төрийн тогтворгүй байдал, ой модыг устгах, бэлчээрийн даац хэтрэх, усалгааны буруу дадал зэрэг нь газрын бүтээмжийг алдагдуулдаг. Дэлхийн цөлжилт, хуурайшилттай тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлдэг. Энэ өдөр нь газрын доройтлын төвийг сахисан байдлыг асуудал шийдвэрлэх, олон нийтийн хүчтэй оролцоо, бүхий л түвшинд хамтран ажиллах замаар хэрэгжих боломжтой гэдгийг сануулах онцгой мөч юм. Газар доройтож, үржил шимгүй болоход байгалийн орон зай доройтож, хувирдаг. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдэж, биологийн олон янз байдал буурч байна. Цөлжилтийг бууруулах алхам бүр нь хуурайшилт, үер, элс, шороон шуурга зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлээс хамгаалах ач холбогдолтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.18 БААСАН № 122 (6599)