Б.ОД
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б. Хонгор "Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд шөнийн хяналт шалгалтыг хийж байгаа. Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон худалдаа үйлчилгээний бүх байгууллагуудад халдвар хамгаалалтын дэглэм, цагийн хуваарийн мөрдөлт болон хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй эсэхэд нь холбогдох албаныхантай хамтран хяналт шалгалт хийсэн.Хүнсний худалдааны 241, ресторан, зоогийн газар 139, зочид буудал, дэн буудал 19, баар 36, тоглоомын хоёр газар буюу нийт 488 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтын явцад 134 зөрчил илрүүлж, 91 буюу 68 хувийг нь арилгуулсан. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагаа явуулсан долоон ААН-ийн үйл ажиллагааг зогсоосон. Таван ААН-д гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан" гэв.
Мөн зарим худалдаа үйлчилгээний байгууллага дархлаажуулалтын хоёр тундаа бүрэн хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан, үйлчлүүлэгчийн хоёр тунд хамрагдсан эсэхийг шалгааагүй гэсэн зөрчил илэрчээ.
Эх сурвалж:www.polit.mn