П.ЖАРГАЛ
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын үнэ цэнтэй тоглогчоор “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр шалгарлаа. Мөн шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг давхар хүртээд байна. Тэрээр энэ улиралд 11.5 оноо, 6.6 самбар, 1.0 оновчтой дамжуулалт, 1.3 хаалт, 51 хувийн довтолгоо дунджилсан бол “Хасын Хүлэгүүд” баг нь “19-8” амжилттай лигийн хүснэгтийг тэргүүлсэн юм.
Улирал бүрийн үнэ цэнтэй тоглогчийн шалгаруулалт маргаан дагуулдаг. Энэ удаагийнх ч мөн адил. Үзэгчдийн дунд “BCH Knights” багийн тоглогч О.Эрдэнэцогтыг энэ улирлын үнэ цэнтэй тоглогчийн цомыг өргөх болов уу гэсэн хүлээлт өндөр байсан юм. Мөн түүний энэ улиралд дунджилсан онооны статистик таамагт байсан тоглогчдоос хамгийн өндөр буюу 19 байсан билээ. “SG Apes” багийн эзэн О.Мөнхжин тэргүүт сагсан бөмбөг сонирхогчид О.Эрдэнэцогтыг “Ард түмний MVP” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Ийнхүү О.Эрдэнэцогт улирлын үнэ цэнтэй тоглогчийн жагсаалтаас гурав дахь удаагаа мултарч, А.Азбаяр анхны үнэ цэнтэй тоглогчийн цомоо өргөлөө.
Эх сурвалж: zms.mn