Б.ОД

COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт тус аймагт 59 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тохиолдол 709 болсонтой холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд дараах үйл ажиллагааг хориглосон байна.

Үүнд:

  • Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,
  • Аливаа баяр ёслол тэмдэглэх,
  • Хурдан морь уралдуулах,
  • Одонгийн найр болон овооны наадам,
  • Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх,
  • Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх,
  • Сургалт зохион байгуулах,
  • Соёл, урлагийн уралдаан тэмцээн,
  • Баар, ресторан, караоке,
  • Хүүхдийн тоглоомын газар,
  • Рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа,
  • Аялал, зугаалга хийх,
  • Нэг дор таваас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ багтсан байна.

Мөн вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэд PCR-ын шинжилгээний сөрөг хариугаар зорчино.Харин дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэсэн тухай Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn