Б.ДОЛЖИНЖАВ
Үйл ажиллагааг нь 2010 оноос зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж бүрдлээ. Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт хэрэглэх үед COVID-19-ийн эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэгийг баталжээ. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай.
Тус үйлдвэр нь 88 жилийн арвин их туршлагатай. Тиймээс хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Тодруулбал, Монголдоо үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны гуравдугаар улирлаас хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана. Учир нь өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортын бүтээгдэхүүн орлодог юм.
Коронавирусын цар тахлын үед вирусыг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодод оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн.
Эх сурвалж:www.polit.mn