Дөнгөж 13-хан наснаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, тэр хэрээрээ өнөөдрийн өөрийгөө бүтээсэн хүн бол аав ээжийн хайртай хүү, хүний сайн ах, сайн хань, үр хүүхдүүдийнхээ ачлалт эцэг Содномзундуйн Эрдэнэ. Тэрээр аавынхаа бүх насаараа зүтгэж, хөгжүүлсэн сагсан бөмбөгийн спортыг дэлхийн түвшинд гартал нь хөгжүүлж, энэ спортод элэгтэй хүүхэд залуучуудын төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулсан түүхийн эзэн. Тэр бүр яриад байдаггүй гэр бүл, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, хүний сайн хийгээд муу зан чанар гэх мэт амьдралын олон нарийн нандин өнгө, сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
Хүн гэдэг амьтан нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоод хийсэн бүтээснээрээ бусдаас ялгардаг нь юутай үнэн. Амьдралын даваа гүвээ, сорилт бүхэнтэй нүүр тулж, өөрөөсөө гадна өөр бусдын амьдралын сайн сайхны төлөө зүтгэж явжээ гэдэгтэй та энэхүү ярилцлагыг уншвал маргахгүй бөгөөд магадгүй энэ хүнийг улстөрчөөс өөр өнцгөөр харж, дүгнэх буй за.
-Таныг улстөрч, ардчиллын анхны суурийг тавилцсан гэдгээр нь Монголын ард түмэн мэднэ. Харин хувь хүн талаас нь төдийлэн сайн мэдэхгүй. Тиймээс хоёулаа таны хүүхэд ахуй наснаас ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Тэгэлгүй яах вэ. Би хүүхэд ахуй насныхаа талаар нэг их яриад явж байсан удаагүй юм байна шүү, эргээд бодоход. Ээж аав хоёр маань тухайн үеийн сэхээтнүүд байв. Тэр утгаараа манайх боломжтой айлын тоонд орно. Гэхдээ аав ээжийн авдаг цалин нь тоотой учраас харсан, хүссэн бүхнээ авч, эдэлж хэрэглэх нь хязгаартай. Бидний үед сагсан бөмбөг, пүүзтэй хөвгүүд дажгүйдээ ордог байлаа. Тэр хоёр нь ч овоо хэдэн төгрөгийн үнэтэй. Уйлан дуугарч байж авахууллаа гэхэд эрэгтэй хүүхэд болсон хойно, сагсны талбай дээр өнжөөд долоо хонохгүй өнөөхөө урж тасдана. Хөгшин ээжээрээ оёулаад зуныг барж, намартай золгоход эгээ л хөл нүцгэн шахуу болдогсон. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн учраас шинэ гутал, хувцас авахуулах “эрх” үүсдэг тийм л байж дээ.
Би V ангид байхдаа анх Ноосны нэгдлийн Ноос ялгах цехэд ажилд орсон юм. Нойтон ноос ялгаж, тараах, хатаах ажил хийдэг байв. Нойтон ноос их муухай, өмхий үнэртэй. Надад зунгагнаас нь салгаж шуудайлаад, жинлээд тушаах ажил ногдоно. Зарим өдөр дутуу халималсан хонины нэхийнүүд ирнэ. Томчууд 20 гаргаад, би хүүхэд байсан учраас 10 гаруйг л халимална. Энэ мэтчилэн Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн Зулах цех, Савхин эдлэлийн Гүйцэтгэх цех, Шевроны үйлдвэрийн Нойтон цех гээд үйлдвэр комбинатын бүхий л цех дамжлагад ажиллаж үзсэн дээ. Эхэндээ аав ээж хоёроосоо нуудаг байсан юм. Ингээд X ангиа төгсөх хүртлээ зуны амралтаараа ажил хийсэн. Зуны хоёр сард нь амрах цаггүй ажиллаж хөдөлмөрлөнө, бусад цагт хичээлдээ шамдана гэхчлэн хүүхэд нас маань өнгөрсөн. Сэхээтэн айлын хүүхэд байсан гээд тийм чиг элбэг дэлбэг, хангалуун амьдраагүй, ний нуугүй хэлэхэд.
-Анхны цалингаараа юу авч байв. Хүүхэд байсан болохоор тоглоом авсан байхдаа?
-Анхны цалингаа авчихаад дүүдээ тоглоомон машин, сагсан бөмбөг авч өгч байж. Хөгшин ээж аав хоёртоо тор дүүрэн чихэр, боорцогтой Яармагийн гэрт нь очиж байснаа санадаг. Бас хамгийн сэтгэлд тод үлдсэн агшин эмээ ээж дээрээ 50 төгрөгтэй очиход жигтэйхэн их уйлж байсан юм даг. Манай эмээ үйлдвэр комбинатын нэхмэлийн байранд амьдардаг байсан юм. Одоо ингээд бодоход миний хамгийн аз жаргалтай мөч бол цалин буух үе байж дээ.(инээв) Учир нь цалингаа аваад өөрт болон гэр бүлийнхэндээ хэрэгтэй зүйл авдаг байсан болохоор тэр байх.
-Та эцэг эхээсээ хоёулхнаа шүү дээ. Бурхан болсон дүүгийнхээ тухай эргэн дурсахгүй юу?
-Бид хоёр найман насны зөрүүтэй төрсөн. Үүний нэг гэм нь өмсөж, зүүхээс эхлээд үзэл бодол таардаггүй юм билээ. Би гэдэг хүн чинь хүний ах юм болохоор дүүдээ ахархах гэнэ, харин дүү нас хол зөрүүтэй учир надтай нэг их найзархаж чадахгүй, дотно яриа дэлгэдэггүй байж. Гэлээ гээд дүүгээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, авах, хичээлийг нь давтуулах, бусдаас хамгаалах, өмөөрөх гэхчлэн ах хүний хийдэг ажлыг хийнэ. Хүний ах ямар байдаг, тийм л байсан. Миний дүү их өр зөөлөн хүн байлаа. Над шиг хурдан, ширүүн, дориун зантай хүн биш л дээ. Надаас өөр төрлийн, миний эсрэг дүр гэх үү дээ. Их спортлог, ном уншдаг, хэл ус сайтай хүүхэд байсан. Хожим бид хоёр улам илүү ойртож, дотноссон. Тэр нэг жил, 1991 он байв. Европын зургаан орноор зөвхөн хоёул сар гаруйн хугацаанд аялсан юм. Тэгэхэд миний дүү “Ахыгаа дагаж гадаадын орноор шавайгаа ханатал зугааллаа” гээд ихэд баярласнаа хэлж байсныг нь мартдаггүй. (уйлав) Аав, дүү хоёроо тоймгүй их санах юм, хааяа зүүдэнд орж ирдэг. Ер нь тэгээд хүн эцэг, эх, элгэн садан, хань ижил, үр хүүхэд гээд хайртай бүхнээ амьд сэрүүнд нь баярлуулж, сайн сайхан зүйлээ зориулж явах учиртай. Аавынхаа сагсан бөмбөгийн спортод зориулсан үйл хэргийг нь өнөөдрийн түвшинд үргэлжлүүлээд явж байгаадаа сэтгэл тэнүүн явдаг.
С.Эрдэнийн аав ээж сэхээтэн гэр бүл.
-Та Содномзундуй гэж мундаг хүний үргэлжлэл болоод явж байна шүү дээ. Аавынхаа талаар ярихгүй юу. Таниар хэзээ хамгийн их бахархаж байв. Ямар зан чанартай хүн байсан бэ?
-Манай аав төлөв төвшин зантай, аливаа асуудалд нягт нямбай, нухацтай хандаж, маш их бодож, боловсруулж байж юмыг хийдэг хүн байсан. Бас их цэвэрч, цэмцгэр, нуруулаг, биеэ их сайхан авч явдаг, тухайн үеийн спортынхон аавыг “Цэмцгэр Сооёо” гэж хочилдог байв. Аав гурвын зайнаас шиддэг, гоол сайтай гэж жигтэйхэн. Бөмбөг шидчихээд эргэж хараад алхахдаа үсээ илээд явдаг байсан нь нүдэнд бүр хадгалагдаад үлдчихсэн байдаг. Аав тийм л гоё үстэй, нуруулаг сайхан залуу байжээ. Та бүхэн мэднэ дээ, аав маань насаараа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд залуу халуун нас, амь амьдралаа зориулсан хүн гэдгийг. Хотын спорт хорооны даргаар 23 жил ажилласан. Дарга байхдаа жил бүрийн баяр наадмын бэлтгэл ажлыг хангадаг. Би ангийнхныгаа дагуулаад наадмын өмнө Төв стадионы сандалнуудыг будаж өгөх үүрэгтэй байв. Шагнал нь хуушуур, бууз, ундаа сэлт. Аав их хөдөлмөрч, нэг зүйл барьж авсан бол дуусгаж байж санаа нь амардаг хүн байсан. Ээж аав хоёрыг тэр үедээ хамгийн үлгэр жишээ, сайхан хос байсан гэж ярьдаг. Ээж Арьс ширний нэгдэлд насаараа ажилласан хүн. Эрдэм, шинжилгээ туршилтын төв гэж байсан юм. Тэнд цехийн дарга хийдэг байв. Мөн л ааваас дутуугүй биеэ сайхан авч явдаг учраас өөрийнхөө цехийн хийсэн үслэг, савхин эдлэлийг өмсөж, арга хэмжээнд оролцдог байлаа. Одоогийнхоор бол загвар өмсөгч гэсэн үг юм даа. Ямар сайндаа “Ийм сайхан хоёр хүнээс чи яаж төрсөн юм бэ” гэж хүмүүс намайг цаашлуулдаг. (инээв)
-Улс төрийн үйл ажиллагаа явуулахад маш олон төрлийн зан авиртай хүнтэй харьцах шаардлага тулгардаг байх. Тиймээс хувь хүний зан төлөв рүү чиглэсэн асуулт асуумаар байна. Юуны өмнө ХҮНДЛЭЛ, ХАЙР гэдэг зүйлийг та юу гэж ойлгодгоо хэлэхгүй юү?
-Хүндлэл бол хариуцлага хүлээхийн нэр. Учир нь хүндлэл дааж явна гэдэг хариуцлага үүрч яваагийн илрэл шүү дээ. Хүний итгэл, хүндлэлийг алдана гэдэг өөрөө урагшгүй зан гаргаж буйн нэг жишээ. Хайрын тухайд гэвэл, хайр өөрөө олон янз байдаг. Тухайлбал, ах дүү, аав ээж, амраг садан, найз нөхдийн хайр гэх мэт. Тухайн хайр юунаас үүссэн байна, түүнээс шалтгаалж эмзэг эсвэл бат бөх оршин тогтдог. Гэхдээ хайр тэр бүр амархан ирдэггүй. Хайрыг хайрлах хэрэгтэй.
-Та ямар үедээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ?
-Зорилгодоо хүрсэн үедээ аз жаргалыг туйлгүй их мэдэрдэг.
Өөрөөрөө бахархах, омогших үйл явдал бишгүй их тохиожээ. Гэхдээ нэг үйл явдал ер санаанаас гардаггүй юм. Би 2008 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Жил гаруйн хугацаанд янз бүрийн бэрхшээл дундуур туулж явсаар 2009 оны аравдугаар сард УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тодруулбал, миний саналыг хүчингүй болгож, МАХН-аас нэр дэвшсэн Н.Баяртсайханыг миний оронд УИХ-д тангараг өргүүлэхээр зүтгүүлж, бүр над дээр зохиомол хэрэг үүсгэж, “Ганц худаг”-т гурван сар хорьсон. Энэ бүх зовлон, шалгуурыг давж, Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, Монгол төрийг түшилцэх эрхэм зорилгодоо хүрээд сууж байхдаа сэтгэл дотроо хайрт аавдаа талархаж, мөргөж байсан минь санаанаас гардаггүй. Тэр мөч сэтгэлд мартагдахааргүй, хамгийн тод үлджээ.
Тэрээр аавынхаа бүх насаараа зүтгэж, хөгжүүлсэн сагсан бөмбөгийн спортыг дэлхийн түвшинд гартал нь хөгжүүлж, энэ спортод элэгтэй хүүхэд залуучуудын төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулсан түүхийн эзэн.
-Хүн амьдралд жаргалаас илүү зовлонг даадаг шиг. Таны өнөөдрийг хүртэл туулсан замналыг харахад, гаднаа хатуу, ширүүн мэт боловч дотроо бас нинжин сэтгэлтэй хүн шиг санагдлаа?
-Үгүй яах вэ, заримдаа ном уншиж байхдаа эсвэл кино үзэж суухдаа оргил, зангилаа хэсэг нь гарахад өөрийн эрхгүй нулимс унагачихдаг. Гэхдээ нулимсаа хүнээс их нууна. Манай хүүхдүүд л мэддэг. “Аав яасан уйлчихсан уу” гэхэд нь “Яагаад хүн шоолоод байна” гэдэг. Мэдээж, зовлон жаргалын тухай яривал миний үзсэн зовлон багадаагүй гэж боддог. Ардчилалд 31 жил явахдаа жагсаал, цуглаан тэмцэл гээд амьдралын минь он жилүүд дан тэмцэл, өрсөлдөөн дунд өрнөсөн. Жаргаж цэнгээд, баярлаж байсан цаг хугацаа одоо бодоход бага. Сэтгэл тайван үе бараг л үгүй. Байнгын л түгшүүртэй, ямар нэгэн зүйлд санаа зовнисон тийм цаг хугацаа давамгайлж байж. Гэхдээ энэ бол миний туулах ёстой зам. Түүгээрээ л явж байгаа минь энэ. Хүний өмнөөс зовоогүй учир үүнийг өөр зүйлд нялзааж яримааргүй байна.
-Та хэнз охинтой шүү дээ. Охин хүүхдүүд аавдаа амь байдаг. Танд хамгийн их аз жаргал, хайр бэлэглэдэг хүн охин нь байх?
-Миний хүүхдүүд бүгд надад өөр өөрсдийн аз жаргалыг авчирсан. Би хүүхдүүддээ хайртай. Хүүхдүүд маань эхнээсээ тусдаа гараад явчихлаа. Ач зээ нар гэж дайсны цэргүүд бөөн аз жаргал шүү дээ. Би чинь одоо 11 ач зээтэй, баян хүн. Би хэзээ ч хүүхдүүдээ тэр, энэ гэж ялгадаггүй. Бүгд л надаас улбаалсан учраас эн тэнцүү хайрлана. Тэдэнд ганц л зүйл захидаг. Насны залуу дээр хийж бүтээ, олуулаа бай, нэг нэгэндээ өмөг түшиг болж яв гэдэг. Цөөхүүлээ байхын зовлонг үзсэн болохоор ч тэр үү, жаргасан ч, зовсон ч олуулаа байх шиг сайхан зүйл үгүй. Харж хандах, санаа нь зовних ах, эгч, дүүтэй байна гэдэг хэчнээн сайхан. Миний хэнз охин биднийг гэрэлтүүлдэг. Нинжээ бид хоёр хааяа ярьдаг юм. “Охин маань байхгүй бол хоёулаа юу хийж байгаа бол, утсаа ухаад, гэр хоосон, эзгүй оргиод, дуу чимээгүй сууж байх байсан даа” гэж. Ганцаараа мөртлөө бас л бужигнуулна шүү дээ. Манай охин хэл ам хурц, ярих ярихгүй юмгүй, жинхэнэ инээдэм.
-Уучлаарай, таныг хүний өөрийн нийлсэн долоон хүүхэдтэй гэж сонссон. Хойд эцэг, хойд ээж байна гэдэг тийм ч сайн нэр зүүдэггүй байх. Та хүүхдүүддээ яаж ханддаг вэ?
-Би хүний, өөрийн гэж ярих дургүй. Дээрээс нь хойд, урдахын зан ч гаргаж байсангүй. Миний долоон хүүхэд долуулаа “Эрдэнийн” гэж надаар овоглодог. Бүгд боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Зарим хүн намайг Баянгол дүүргийг ах, дүү хамаатан садангаараа дүүргэсэн гэж ярьдаг. Надад тэр том дүүргийг дүүргээд байх ах дүү, хамаатан садан байхгүй. Би эхээс хоёулахнаа, дүү минь бурхан болсон. Долоон хүүхдийн гурав нь тусдаа гарсан, бусад нь амьдралын захад хүрэх гээд тэмүүлж явна. Эцсийн эцэст, хүний эцэг байна гэдэг сэтгэл зүрхний асуудал. Үр хүүхдээсээ ашиг хонжоо хардаг аав ээж гэж хаана ч байхгүй. Тэднийгээ мөр бүтэн, сайн сайхан яваасай, улс эх орондоо хэрэгтэй хүн байгаасай гэж боддог.
-Та УХААНЫ хийгээд ҮНЭНИЙ хэмжүүрийг юу гэж ойлгодог вэ?
-Аливаа асуудлыг өөрийнхөөрөө ойлгож, зөв шийдвэр гаргаж чадахыг ухаан гэж ойлгодог. Ухааны хэмжүүрийг их ном уншсанаар нь уу, эсвэл олон хэлтэйгээр нь үү, юугаар нь хэмждэгийг хэлж мэдэхгүй. Зарим нь тэс өөр, хөндлөнгийн хүний үнэлэмжээр тухайн хүнийг ухаантай, ухаангүй гэж дүгнэдэг. Би бол тэгж боддоггүй. Манайхан ярьдаг даа, юм үзэж, нүд тайлсан, юмны наадах цаадахыг ялгаж, салгаж чаддаг хүн гэж. Ийм хүнийг ухаантай хүн гэж би боддог.
Үнэн бол харьцангуй ойлголт. Тогтсон хэмжүүргүй. Саяхныг хүртэл бид социализм, коммунизмыг туйлын үнэн гэж бодоод явж байсан. Гэтэл өнөөдөр туйлын үнэн гэж бодож явсан нийгэм туйлын худлаа байсныг харлаа шүү дээ. Одоо бид зах зээл, ардчилал, хүний эрх бол туйлын үнэн гээд яриад л явж байна. Бүү мэд. Уинстон Черчилль хэлсэн байдаг. “Ардчилал гэдэг хамгийн сайн зүй тогтол биш. Гэхдээ хүн төрөлхтөн одоогоор үүнээс илүү зөв замыг олоогүй байна” гэж.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Ном их уншдаг уу. Докторын зэргээ та хэзээ хамгаалсан билээ?
-Сүүлд Д.Сосорбарам гавьяат надад “Чөлөөт зах зээлийн хувьсгал” гээд ном бэлэглэсэн. Энэ номыг уншаад явж байна. Ер нь цаг зав гарвал ном уншина. Голдуу түүхэн болон хийдэг ажилтайгаа холбоотой улс төр, нийгмийн байгуулал, ардчиллын тухай номнуудыг шүүрч авдаг. Би анх 2004 онд докторын зэрэг хамгаалахаар сургуульд элссэн боловч цаг завгүй явсаар найман жилийн дараа буюу 2013 онд удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эхэндээ хууль зүйн ухааны доктор сонгочихсон байтал багш маань удирдахуйн ухааныг зөвлөснөөр энэ чиглэлээр сэдвээ тодорхойлсон. Миний диссертацийн ажил энэ байна (Номын тавиураас гаргаж ирэв). Хар даа, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын менежмент, эрх зүйн зохицуулалт чиглэлээр бичиж байжээ.
-Таныхаар эх орон гэж юу вэ?
-Эх орон бол гишгэж буй газар шороо, амьсгалж буй агаар, ууж буй ус, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хүний амьдарч буй орчин тэр чигтээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.