З.БАТЦЭЦЭГ

Уильям Шекспирийн жүжгийн зохиолыг шинжээчид “маргаантай” гэж үзлээ. Учир нь зохиолд гоо үзэсгэлэнг арьсны цагаантай холбож бичжээ. Энэ тухай Daily Telegraph мэдээлж байна. Лондонгийн “Глобус” театрын семинарын үеэр илтгэгчид хэлэхдээ, зохиолч бүтээлүүддээ үе үе “хар”, “цагаан” хоёр дүр зургийг сөргүүлж үзүүлдэг, үргэлж “цагаан”-ыг нь илүүд үздэг, мөн одоо цагт арьс өнгөөр гадуурхах үзэгдэл гэж үзэж буй найруулгыг ашигладаг гэжээ.

Лондонгийн “Глобус” театр “Антирасист Шекспир” нэртэй цуврал семинар зохион байгуулж байгаа ба гол зорилго нь түүний зохиолуудыг “колоничлолгүй болгох”, зохиолыг ойлгож хүлээж авахад бэрхшээл болох саадыг арилгахад чиглэсэн гэжээ.

Эхний семинараар эрдэмтэд “Зуны шөнийн зүүд” зохиолыг задалж, хүйс, арьс өнгөөр ялгаварласан маргаантай байдлуудыг олж илрүүлжээ. Ялангуяа шинжээчид түүний зохиолд “хар”, “цагаан” хоёр дүр зургийг сөргүүлж үзүүлдэг, “хар” нь сөрөг дүр, “цагаан” нь эерэг дүр байгааг онцолжээ.

Семинарт оролцогч жүжигчин Альдо Биллингсли “Зуны шөнийн зүүд”-д цагаан нь гоё сайхан, хар нь муу муухай гэсэн утгыг илэрхийлсэн гэж үзэж байна. Түүний тайлбарласнаар Лизандерын хэлсэн үг “Хэрээг, тагтаагаар солихыг хүсэж байгаа хүн байна уу?” гэдэгт өнгөөр шувууны үнэ цэнийг илтгэж байна гэжээ.

Семинарын бас нэгэн оролцогч профессор Ванесса Корредера “Хэрвээ Шекспирийн энэ жүжиг, бусад зохиол, сонетуудыг хүртэл авч үзвэл хар, цагааны ойлголт хаа сайгүй байгаа....Үүнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өнгө аяс харагдаж байна” гэсэн байна.

Семинарын үеэр багш, оюутан, театрын ажилчдад зориулан “жүжигт арьс өнгөөр ялгаварлахын эсрэг арга барил”-ыг танилцуулсан ба 400 жилийн өмнө “бор татар бүсгүй”, “эфиоп эмэгтэй” зэрэг маргаантай үгнүүд ашиглаж байсныг дурджээ.

1595 онд зохиогдсон шидэт ойд дурлагсдын тухай инээдмийн зохиол нь “Отелло” зэрэг бүтээлүүүдтэй харьцуулбал тийм ч их арьс өнгөөр ялгаварласан биш хэдий ч профессор Корредерын үзэж байгаагаар “бүх зохиолд цагаан арьсны давуу чанар дурдагддаг” гэжээ.

Гэсэн хэдий ч Альдо Биллингсли, Ванесса Корридер нар хэчнээн шүүмжилсэн ч үзэгчдийг Шекспирийн зохиолд дуртай хэвээрээ байж болно, түүний “Зуны шөнийн зүүд” жүжигт хар арьстай жүжигчдийг тоглуулбал шинэ утга санаатай болж болох юм гэжээ.

Шекспир судлаач эрдэмтэн сэр Стэнли Уэллс үүнтэй санал нийлэхгүй байна. Тэрбээр “хар, цагаан гэдэг бол дэндүү өргөн хүрээтэй үг” гэж сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Би Шекспирийг арьс өнгөөр гадуурхагч гэж бодохгүй байна. Тэр дүрүүдээ илүү чадварлаг дүрсэлдэг. Шекспирийн баатрууд дунд үнэхээр “эфиоп”, “мавр” гэсэн арьс өнгөөр ялгаварлах үгс гардаг. Гэхдээ дүрүүдийн арьс өнгөөр ялгаварлах үзэл, энэ тухай бичихээс өөр аргагүйд хүрч буй зохиолчийн үзэл бодол хоёр өөр” гэж Уэллс тайлбарлажээ.

Эх сурвалж: www.russian.rt.com