Б.ТӨГС
Манай улсад коронавирусын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор импортын ачаа тээврийн 80 хувь нь нэвтэрдэг Замын-Үүдийн боомт 20 орчим хоног хаалттай байсан. Үүнээс шалтгаалан тус хилийн боомт дээр бөөгнөрсөн ачаа бараа болон тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр ч хэвийн байдалд ороогүй байна. Үйлдвэрлэгч биш улс орны хамгийн том зовлон бол яах аргагүй хил гаальтай холбоотой олон улсын нөхцөл байдал. Тэгвэл гуравдагч орнуудаас ирж байгаа ачаа бараанууд БНХАУ-ын Тяньжин боомт дээр гацаанд ороод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тус боомтод Монголыг зорих 5000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүссэн бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл үеэс очсон ачаа тээврүүд эхнээсээ сар гаруйн хугацаанд гацаж байгааг мэдээлсэн юм. Тус боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед боомтод 5-7 хоноод чингэлэг нааш тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болсон байна. Зөвхөн чингэлгийн түрээс гэхэд өдөрт 10-50 ам.доллар байдаг бөгөөд үүний араас олон зардлууд гарч байгааг хэлсэн юм.
Тяньжин боомт бол Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог. Коронавирусын халдварын улмаас хумигдсан байсан эдийн засаг сэргэж эхэлснээр ачаа барааны эргэлт хурдтайгаар нэмэгдэж байгаа нь ийнхүү ачаалал, түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Тиймээс одоо үүсээд байгаа энэ нөхцөл байдалд тохирсон байнгын менежментийг хийхгүй л бол асуудал үргэлжилсээр байх төлөвтэй байна. Монголд ирэх чингэлгийн тоог нэмэгдүүлэхийн тулд зөөдөг галт тэргийнх нь тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Одоогоор өдөрт чингэлгийн зориулалтын нэг галт тэрэг ирдэг бөгөөд 60 чингэлэг ачдаг аж. Гэтэл Тяньжин боомтод Монголыг зорьсон чингэлэг өдөрт л 100-гаар нэмэгдэж байгаа юм байна. Тиймээс галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Ядаж өдөрт хоёр галт тэрэг явуулж эхэлбэл одоогийн төвлөрөл 20 хоногт шийдэгдэж, цаашлаад хэвийн болох боломжтой гэж тооцоолжээ.
Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ГХЯ, ЗТХЯ, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, Эрээн хотын консулын газар, МҮХАҮТ, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төв, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос “Хилийн боомтууд дээрх ачаа тээврийн асуудал болон тээвэрлэлтийн нөхцөл байдал, шийдэл” сэдвээр уулзалт хийсэн юм. Энэ үеэр МҮХАҮТ-аас БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимд энэ асуудлаар хандан, Тяньжин боомтоос гарах хуваарьт галт тэргийн тоог нэмэгдүүлэх талаар хүсэлт өгөхөөр болжээ.
Мөн Замын-Үүдийн хил дээр 1000 гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд өмнө нь 13м-тэй автомашин 25000 юань байсан бол 30000 юань, 17м-тэй машин 40000-45000 юань болж үнэ өссөн байна. Мөн Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн дундаж хугацаа зургаа хоног байсан бол 20 болж нэмэгдээд байгаа юм. Авто тээврийн үндэсний төвөөс Замын-Үүдийн ариутгал, вакцинжуулалтын явцыг Хятад талд танилцуулан 100 машин солилцдог байсанг 150 болгон эхний ээлжинд туршилтаар 50 машин нэмж тээвэрлэхээр болсныг мэдэгджээ. Дээрх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч чадвал ачаа тээврийн бөөгнөрөл багасах ч цаашид ямар менежментээр тогтвортой болгох вэ гэдэг асуудал үлдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.24 ДАВАА № 105 (6582)