Б.УРАН

Махны үнэ өндөр хэвээр л байна. Хонины мах 7000 төгрөг, үхрийн мах 8500, ямааны мах 5000, адууны мах 6000 төгрөг. Өнгөрсөн зунаас хойш тэнгэрт хадсан махны үнэ бага зэрэг буур­сан ч, үнийн хөөрөгдөл хадгалагд­саар байна. Үүнд нэг бол малчдыг буруутгана, эсвэл ченжийг буруутгана. Бүр үгүй бол төр, засгийг муулна. Гэвч нэгэнт тогт­сон үнэ ханш буцаж эргэ­дэггүйн жаягийг дагаж, нийслэлчүүд өндөр үнэтэй махыг авахаас аргагүй байна. Цас зуд боллоо. Малчдыг эдийн засгийн хохирлоо бодоод малаа мах болгохыг Засгийн газраас уриалсан. Зарим нутагт мал бэлчээрлэх боломж­гүй болтлоо цас дарж, хүйтэрч байна. Зарим мал­чин малынхаа тал хувийг мах болгож, нийслэл рүү зөөж байгаа тухай мэдээ­лэл ч байна. Тэдний мууг үзэх гэсэндээ биш, махны үнэ бага ч болов зөөлрөх болов уу гэсэн горьдлого давхар байсан юм. Гэвч тийм биш бололтой. Махны үнийг бууруулах, тогтвортой байлгах зорилгоор Засгийн газраас 46.1 тэрбум төгрөгийг зориулж байгаа. Өөрөөр хэлбэл, махны нөөц бүрдүүлэх, үнийг тогт­вортой байлгах зорилгоор нөөцийн менежер, туслан гүйцэтгэгч компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон. Нөөцөд бэлдэх нэрээр олон тонн малын махыг муутган хаясан тохиолдол оны өмнө гарсан. Тодруулбал, 230 тонн мах буюу 10 мянган толгой мал хадгалалтын буруугаас болж хогийн цэгт хаягдсан юм. Уг нь улсын махны нөөцийг ганц, хоёрхон компанид даатгалгүйгээр тогтолцоог тэрчигээр нь өөрчилж чадвал бид өөрсдөөсөө даруй 25 дахин их толгой малаа эв найрамдалтай, элдэв дарамтгүйгээр ашиглах хангалттай боломж бий. Гэвч мах бэлтгэлийн шаард­лага хангасан компани цөөхөн байгаа нь иргэд малчид, ченжүү­дийн гараас мах авахаас аргагүй болсон байна. Өвлийн дунд саруудад монгол­чуудын махны хэ­рэглээ хамгийн их байдаг. Удахгүй уламжлалт баяр болох цагаан сар болно. Баярын өмнө үнэ хөөрөгддөг уламжлал давтагдвал энэ цагаан сараар хонины ууцаа өөр бусдаар орлуулах айл улам олон болох биз.