Б.СОЛОНГО
“Брокер, дилерийн компаниуд ажил хаялаа” гэсэн мэдээлэл өчигдрийн гол дуулиан байв. Ажил хаялтын шалтгаан нь Монголын хөрөнгийн биржийн нэвтрүүлсэн шинэ системтэй холбоотой гэж байв. Гэвч үнэндээ ямар ч ажил хаялт болоогүй ажээ. Монголын үнэт цаасны зах зээлд хийсэн түүхэн шинэчлэлийн улмаас үүссэн туулах ёстой хямрал байв.
Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх талаар манай улс сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьсан. Гадаадын томоохон хөрөнгийн биржид маркетингийн бодлогоо даатгах тухай олон жил хэлэлцсэний эцэст Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь жилийн өмнөх явдал.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны хөрөнгө татаж, олон улсын зах зээлд мөнгө босгох гарц гэж харсан энэхүү шинэчлэлээ нэг хоногийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. “Миллениум Ай Ти” нэртэй төлбөр тооцооны шинэ системийг хэрэгжүүлсэн анхны өдөр брокер, диллерийн таван компани 51150 төгрөгийн арилжаа хийлээ. Хөрөнгийн биржийн цахим хуудаснаа хувьцааны ханшийн мэдээлэл цагаанаараа өнжих болов. Өдөрт дунджаар 30-40 компани тогтмол 100 сая төгрөгийн арилжаа хийдэг Монголын хөрөнгийн биржийн индекс ийнхүү навс унасан нь түүхэндээ анхны тохиолдол боллоо. Брокер, диллерийн компаниуд шинэ системийг хүлээж авахад бэлэн бус байгааг энэ явдал харуулж байна. Өчигдрийн байдлаар шинэ системийн нэг хэсэг болох барьцаа хөрөнгийн доод хэмжээ 10 сая төгрөгийг байршуулсан хоёр компани нэмэгдэж, арилжаанд оролцжээ. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлд гурав дахь оролцогч буюу арилжааны банк төлбөр тооцооны гүйлгээг зохицуулах журмаар нэмэгдсэн нь брокер, диллерүүдийн хувьд хүндрэлтэй асуудал болж байна. Арилжааны банктай хамтран ажиллах гэрээ хийгээгүйн улмаас компаниуд ийнхүү хувьцаа арилжих боломжгүй байгаа юм. Гадаадын томоохон хөрөнгийн биржүүдийн итгэлцэлд суурилсан төлбөр тооцооны “Т+3” хэмээх горим брокерын компаниуд болон банкуудын үл ойлголцох, тохиролцохгүй байх үндэс болсон байна. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээл бүгдийг шинээр эхлүүлж байна. Удаан хугацаанд ярьж, олон удаа хойшлуулсан энэхүү шинэчлэлт ийм явдал үүсгэх нь тодорхой байсан. Цаашид банк болон брокерууд харилцан тохиролцож, шинэ системийг хамтдаа урагшуулна гэдэгт итгэлтэй байгаагаа Монголын хөрөнгийн биржийнхээ илэрхийлэв. Харин Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос брокер, диллерийн компаниудад тулгараад буй хүндрэлтэй асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна. Хоёр талын байр суурь ямар байгааг хүргэе.
Ц.Бүрэнжаргал: Хүссэн, хүсээгүй оролцоно гээд брокеруудыг шахаж байна
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргалтай ярилцлаа
-Брокерууд ажил хаялаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Танай холбооноос энэ үйл явдалд ямар тайлбар хийх вэ?
-Шинэ системтэй холбоотойгоор өмнө нь хөрөнгийн зах зээлд байгаагүй оролцогч орж ирсэн. Тэр нь банк. Бэлэн мөнгөний гүйлгээг арилжааны банкуудаар хийхээр болсон. Гэвч энэ ажиллагааны зохицуулалт нь тодорхой бус байна. Цоо шинэ эхлэл учраас хаана, хаанаа ойлголт дутмаг, нэгдсэн бодлогод хүрч чадаагүй. Үүнээс болоод компаниуд банкуудтай төлбөр тооцоо хийлгэх гэрээ байгуулж чадахгүй байгаа юм. Гэрээ байгуулж чадаагүй компани 10 сая төгрөгөө байршуулах газаргүйн улмаас арилжаанд оролцох боломжгүй байна. Тэрнээс биш 10 сая төгрөгөөс болоод ажил хаяад байгаа юм биш л дээ.
-Банктай гэрээ хийхэд ямар асуудал байна вэ?
-Нэгдүгээрт, банк үйл ажиллагаа явуулахдаа төлбөр авна. Энэ төлбөр дээр тохиролцож чадахгүй байна. Бүгд өөр, өөр шаардлага тавьж байгаа. Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тавьж байгаа шаардлагууд брокеруудын санаанд нийцэхгүй байна. “Т+3” буюу хувьцаа арилжсаны төлбөрийг гурав хоногийн дараа төлөх зохицуулалт байгаа шүү дээ. Хувьцаа худалдаж авахын тулд дансандаа мөнгө байршуулах шаардлагагүй. Хувьцаагаа авчихаад гурав хоногийн дараа мөнгөө хийдэг горим руу шилжсэн гэсэн үг. Брокеруудын хувьд ийм нөхцөлд шилжих нь эрсдэлтэй гэж үзээд байгаа юм. Харилцагчид хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол байна. Хэрэв хувьцаа худалдаж авсан хүн гурав хоногийн дараа төлбөрөө төлөхгүй бол яах вэ гэсэн эрсдэлтэй. Одоогийн журмаар брокерын компани харилцагчаасаа мөнгөө авч чадаагүй бол төлбөр тооцоог нь хийж байгаа банк өмнөөс нь “Т+3” дахь өдөр үлдэгдэлгүй болгох ёстой. Дараа нь банк брокероос мөнгөө гаргуулах ёстой. Ийм шалтгаанаар банкууд манай компаниудад хэтэрхий өндөр шалгуур тавьж барьцаа хөрөнгийг нэхээд байгаа юм. Хоёрдугаарт, төлбөрөө төлөөгүй хувьцааг зарж мөнгө олж болно. Гэтэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл болчихно. Дээрээс нь банкууд хувьцааг хөрөнгө гэж үзэхгүй байна. Брокерууд үнэт цаас гэдэг утгаар хувьцааг барьцаа болгох саналтай байгаа. Иймэрхүү зөрөлдөөний улмаас гэрээ байгуулж чадахгүй байна. Үүнийг ажил хаялт гэж ойлгож болохгүй л дээ.
-Энэ явдал хөрөнгийн чадамжгүй брокерууд олон байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгчихлөө?
-Би түрүүнд хэлсэн. 10 сая төгрөгтөө асуудал байгаа юм биш. Зарчмын хувьд тохиролцоонд хүрээгүйн улмаас гэрээ байгуулж чадахгүй байгаа юм. Хөрөнгийн чадамжийн хувьд одоогийн дүрмийн санг бүх компани хангаж байгаа. Шинээр өргөн барьсан хуульд дүрмийн сангийн хэмжээг нэлээд нэмэгдүүлсэн. Өнөөдөр хөрөнгийн биржийн гишүүн 80 гаруй компани байна. Үүнийг хэтэрхий олон байна гэдэг. Үнэний хувьтай байж болно. Гэхдээ манайд брокер, диллерийг тусгаарлах ёстой. Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байгаа диллерүүд чадамжтай, цөөхөн байвал зүгээр. Харин өргөн, уудам газар нутагтай манай улсад хөрөнгийн зах зээлийн ойлголтыг олон нийтэд хүргэхийн тулд брокерууд олон байх хэрэгтэй.
-Системийг шинэчилсэн эхний өдөр тавхан компани оролцсон байсан. Цаашдаа ер нь яах бол?
-Брокерууд өөр ажил хийх боломжгүй. Тэгэхээр хүссэн, хүсээгүй арилжаанд оролцож л таарна. Магадгүй эд нар нэгэнт орж ирэх нь тодорхой гээд шахаанд оруулж байж мэдэх юм. Цаашдаа компаниуд ямар нэг байдлаар банкуудтайгаа гэрээ хийх л байх. Гол нь харилцан бие биенийгээ ойлголцож, буулт хийх зарчмаар хамтран ажиллах хүсэлтэй байна.
Г.Саруул: Цоо шинэ ажил учир банкууд өндөр шаардлага тавьж байгаа
Монголын хөрөнгийн биржийн бодлого, зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруултай ярилцлаа.
-“Миллениум Ай Ти” хэмээх шинэ системийг манай улсад хэрэгжүүлэх шаардлага байсан уу?
-Лондонгийн хөрөнгийн биржтэй өнгөрсөн жил хамтран ажиллах гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, төлбөр тооцооны шинэ хэлбэрт шилжих гэх мэт давуу талуудыг харсан хэрэг. Өмнө нь Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн төвд үндсэн нэг данс байдаг байсан. Тэр дансанд бүх харилцагчийн мөнгийг өглөө нь байршуулаад арилжаанд оролцдог байсан. Харин одоо төлбөр тооцооны дөрвөн банк гүйлгээний ажилд орж ирж байгаа. Энэ бол Лондонгийн хөрөнгийн биржийн зөвлөгөөгөөр олон улсын жишгийн дагуу хийгдэж байгаа ажил. Яагаад “Т+3” зарчмыг оруулсан бэ гэхээр дэлхийн томоохон биржүүд “Т+2” юмуу “Т+3” гэсэн загварыг баримталдаг. Гадаадын томоохон компаниуд манайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Тэд “Т+3” загвартай хөрөнгийн биржид арилжаа хийдэг гэсэн. Тэгэхээр манай арилжаа хэд дахин нэмэгдэх, монголын компаниуд өөрсдийн зах зээл дээр мөнгө босгох боломжийг нэмэгдүүлэхийн тулд хүссэн хүсээгүй энэ хэлбэрт шилжиж байгаа юм. Бид эрсдлийг зүгээр орхиогүй. Баталгааны сан, барьцааны данс ашиглана. Бидний зүгээс тодорхой шалгуураа тавьсан. Барьцаа хөрөнгө, баталгааны сандаа мөнгө байршуулсан компаниудыг арилжаанд оруулж байна. Эдгээр хөрөнгө нь бүгд тухайн компанийн нэр дээр байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Төлбөр тооцооны асуудалд заавал банк оролцох шаардлага байсан уу. Банкууд брокерын компаниудад хатуухан шаардлагуудыг тавьж байна гэж сонслоо?
-Манай зүгээс банкуудад өндөр шаардлага тавьсан. Арилжаа хийснээс гурав дахь өдөрт төлбөрийг заавал гүйцэтгэх ёстой. Брокероос дутуу орсон бол банк гүйцээж төлөх ёстой. Тиймээс зарчмын хувьд хүчтэй банкууд ороосой гэж бодсон юм. Шинэ систем учраас банкууд ажлаа өндөр шаардлагатайгаар эхлүүлсэн байж болох юм. Цаашдаа арилжаа нэмэгдэх хэрээр уян хатан байдал сайжрах байх. Бид банкуудад шинэ системтэй холбоотой уян хатан байдлыг хангаж ажиллаарай гэсэн хүсэлт тавьсан. Хамгийн сүүлд миний сонссоноор Хас банк 300, Худалдаа хөгжлийн банк 500 төгрөгийн шимтгэл авна гэсэн. Энэ тийм ч өндөр тоо биш. Өчигдрийн байдлаар хоёр брокер нэмэгдэж арилжаанд оролцсон. Цаашдаа нэмэгдэх байх.
-Өдөрт 100 саяд эргэлддэг арилжаа 50-хан мянга болтлоо буурлаа. Цаашид энэ байдал тогтворжтол маш их алдагдал хүлээнэ шүү дээ?
-Энэ талаар бид брокеруудтай жилийн өмнөөс уулзалт хийж эхэлсэн. Тэд бэлэн биш байна гэсэн шалтгаанаар системийг олон удаа хойшлуулсаар ирсэн. Бид тухайн үед нь хүлээн зөвшөөрсөөр байсан. Харин МХБ-ийн ТУЗ болон Лондонгийн хөрөнгийн биржээс цаг хугацаанд цэг тавьж эхлүүлсэн нь дээр гэж шийдсэн. Магадгүй ямар нэг байдлаар брокеруудыг шахахгүй бол энэ ажил дахиад ямар ч хугацаагаар хойшилж мэднэ. Тэгэхээр ямар боловч эхлүүлье гэж шийдсэн. Брокерууд удахгүй нэмэгдэх болов уу гэж найдаж байна.