С.САРУУЛ

АН хоёр хуваагдаж, тус бүртээ дарга тодруулаад байгаа бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ ч мөн адил тус бүртээ зарлалаа. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна.

О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татсанаар Н.Алтанхуяг тодорчээ.

Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх дотоод сунгааны талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргал мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn