Т.БАТСАЙХАН

 

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал энэ сарын 27-нд цахимаар болж,  МАН-тай нэгдэх асуудлыг хэлэлцлээ.  Мөн тухайн өдөр МАН-ын Удирдах зөвлөл  хуралдаж хоёр нам нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн байна.  Ийнхүү МАХН, МАН-ын нэгдэх  нь асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.   Нэгдэх Ажлын хэсгийг  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ахалж буй билээ.

Хоёр намын төлөөлөл өнгөрсөн мягмар гаригт болсон хурлынхаа дараа “TВ-9” телевизийн  “МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого” хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийллээ.  Хэлэлцүүлэгт  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр,  МАН-ын УИХ дахь бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, нэгдэх асуудлаар ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАХН, МАН бол нэг түүхтэй, үүсэл гарал нэгтэй улс төрийн хүчнүүд.   Энэ жил Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой болж байна. 100 жил гэдэг их зүйлийг бодогдуулж байна.   Энэ түүхэн цаг хугацаан дунд тусгаар тогтнол, бидний өвөг дээдсийн хийсэн хувьсгал бий.  Бүтээн байгуулалтын талбар дээр дуслуулсан хөлс байна. Ахмад үеийнхний минь хичээл зүтгэл тэмцэл байна.  Ирээдүйн Монголыг хувь заяа байна.  Энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг бидэнд цаг хугацаа олгож байна.  МАН-ын гишүүд ч энэ асуудалд холыг харсан ухамсартай байр суурь баримталж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаад  баяртай байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн:

-Манай хоёр нам угсаа гарал нэгтэй улс төрийн хүчнүүд.   Улс төрийн намд үзэл баримтлал гэдэг чухал зүйл бий.   МАХН, МАН Зүүн төвийн, социал демократ үзэл баримтлалтай. Нэг үзэл баримтлалтай байгаа нь хоёр нам нэгдэх нэг учиг шалтгаан юм.   Мөн үзэл баримтлал нэг учраас мөрийн хөтөлбөрийн хувьд ч нийгмийн хамгааллын чиглэлд анхаарч байдаг.  Нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагыг бэхжүүлэх, эв нэгдэлтэй байх зэрэгт анхаарч байдаг. Тийм ч учраас одоо намууд нэгдэх цаг болсон.  Ер нь энэ асуудал нэлээд олон жил яригдаж байна. 100 жилийн түүхэн цаг үед ажил нэлээд урагштай, эрчимтэй явагдаж байна.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Хоёр нам нэгдэх процесс амжилттай үргэлжилж байна.  Яагаад нэгдэх ёстой вэ гэхээр нэлээд олон шалтгааныг дурдаж болохоор байна.  Хоёр нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.  Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намууд тодорхой санал, байр суурийн зөрүүтэй байсан бол энэ цаг үед нэгэн зорилгын дор нэгдэж, хамтдаа зүтгэх боломж нээгдэж байна.    Хоёр намын нэгдэх асуудал хэн нэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа.  Бид хамтарсан уриалга гаргаж, нийт намын гишүүдийнхээ дунд танилцуулсан.  Намын гишүүд болон шат шатны байгууллагууд  маань эвлэлдэн нэгдэх уриалгыг талархан хүлээж авсан.  Тиймээс нэгдэх асуудлыг ажил хэрэг болгох ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Хоёр намын зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, намын Их, бага хурлуудаа хийнэ.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-Хоёр нам нэгдэн нийлэх, ажил үргэлжилж байна.  Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид юм. Намын гишүүд маань тодорхой зорилгын төлөө нэгдэхийг дэмжиж байна.  Тухайлбал, хүний эрхийг дээдэлсэн төрийн тогтолцоог шинэ түвшинд бий болгох, боловсролын асуудал, орон сууцны хөтөлбөрүүд, байгалийн баялагийг тэгш хуваарилах, мөн монгол хүний эрүүл мэндийн асуудалд тусгайлан анхаарал хандуулах асуудлуудыг ярилцаж байна. МАХН-ын нийт гишүүд маань нэгдэх асуудлыг дэмжсэн. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой юм.

Мөн энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.29 ПҮРЭВ № 86 (6563)