Т.САЙХАН

УИХ  дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж  байгаа гэжээ.  Мөн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn