Т.САЙХАН

АН-ын нэг даргаар тодроод  байгаа УИХ-ын гишүүн  О.Цогтгэрэл  өнөөдөр /04.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30 буюу энэ баасан гарагаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна. Дараа нь Их хурлаараа баталгаажуулна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Мөн АН дараа нь тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна.  Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх асуудал яригдсан. АН-ын зүгээс аливаа хэлбэрийн гэрээг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. Дараагийн нэг зүйл бол өнөөгийн нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Цар тахлын эсрэг улс орон бүр өөрийн арга хэмжээг авч байна. Энэ олон зүйлүүдийн дундаас эрх баригчид асуудлаа эрэмбэлэхгүйгээр ажиллаж, асар их боломж алдагдаж байна. Энгийн жишээ хэлэхэд вакцин гэдэг зүйлд ямар их өртөг гаргаж байгааг бид бүхэн харж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn