Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа ч АН завсарлага авлаа.  Чуулганы завсарлага 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудал өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан.  Өөрөөр хэлбэл, Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэнээс гадна Үндсэн хуулийн дагуу өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдгийг тайлбарласан юм. 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хоёр гишүүн нь эсэргүүцэж даргадаа эсэргүүцэл бичсэн гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэллээ. Тэрээр "Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн эсэргүүцэл бичсэн юм билээ. Энэ дүгнэлт нь эргэлзээ дагуулж байна гэсэн үг. Тиймээс АН хуульд заасны дагуу тав хоногийн завсарлага авч байна" гэсэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тус намын бүлэгт өнөөдөр 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.  

Эх сурвалж:www.polit.mn