Ц.БАЯР
Улстөр мэдээллийн www.polit.mn сайтын өнөөдрийн онцлох зочноор эдийн засагч, улстөрч Б.Түвшинг урьж Монголын гадаад өрийн асуудлаар ярилцсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден засгийн эрхээ авсан даруйдаа цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа дэмжих 1.9 их наяд долларын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Төд удалгүй дахиад хоёр их наяд долларын дэд бүтцийн нүсэр хөрөнгө оруулалт хийх саналаа танилцуулснаар тус улсын Бүгд Найрамдах Намынхан өрийн дарамтын асуудлыг сөхөж, сэрэмжлүүлж эхлээд байна.Тэгвэл Монголд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлчихлээ. Иргэн бүрийн гар дээр бэлэн мөнгө тавиад өгчихлөө. Энэ их зарлагыг дагаад өсөх төсвийн алдагдал, өрийн дарамтын эрсдэлийг нухацтай бодох л үлдээд байна. Үүнд та өөрийнхөө байр суурийг хувийн блогоороо илэрхийлсэн байсан?
-Улсын өр гэдэг мэдээж улстөрийн том сэдэв байдаг. АНУын ерөнхийлөгч асан Доналд Трамп засгийн эрхийг авахдаа улсаа өргүй болгоно гэсэн амлалт өгч байв. Харамсалтай нь, түүний эрх барих хугацаанд өр багасах биш харин ч ихсэж, өнгөрсөн зургаадугаар сард анх удаагаа ДНБийнхээ хэмжээнээс ч давсан. Үүнийг ихэнх эдийн засагч давж болохооргүй улаан шугам гэж хардаг байсан бол одоо цар тахлаас үүдээд тэрэнтэй манатай болжээ. АНУ-ын Конгрессын төсвийн газар ДНБ-д эзлэх өрийн хэмжээнд огт хязгаар тогтоогоогүй гэдгээ мэдэгдсэн. Өдгөө тус улсын өр ДНБийнхээ 130 орчим хувьтай тэнцэж буй. Жо Байдены хэрэгжүүлж буй нүсэр хөтөлбөрүүд энэ тоог улам өсгөх нь дамжиггүй. Ийм үед Грекийн өр ДНБийнхээ 129 хувьд хүрээд дампуурч байсныг Бүгд Найрамдахчууд сануулахаас ч аргагүй юм. “Гэхдээ бид Грек болчихоогүй л байна шүү дээ” хэмээн улстөрийн тоймоороо Америкийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог комедиан Жон Оливер “Last Week Tonight” нэвтрүүлгийнхээ үеэр хэлж олны анхаарлыг татав. Өр нэмэгдэх нь муу зүйл огт биш бөгөөд хүмүүс шал дэмий зүйлд санаа зовж байгааг тэрбээр тайлбарласан нь үзэгчдийг гайхшруулжээ. “Өр муу юу, сайн уу гэдэг талаар биш, харин бидний хийж байгаа хөрөнгө оруулалт өр тавих хэмжээний чухал уу, үгүй юу гэдэгт л анхаарах хэрэгтэй” гэж Оливер голыг нь олоод хэлчихэв. Америкчууд яагаад өрөндөө хэт их санаа зовох хэрэггүйг, харин бид яагаад санаа зовох хэрэгтэйг санхүүгийн эрсдэл талаас нь тайлбарлахыг хичээе.
Өнгөрсөн зуун жилийн хугацаанд маш олон улсын засгийн газар өрийн бичиг гаргаж, төсвийн зардлаа санхүүжүүлэх практик хэрэгжүүлж ирсэн. Энэ хандлага ялангуяа дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараа бүр эрчээ авсан байдаг. Англи болон Уэйлсийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ICAW)-ын “Сайн засаглал” цувралд багтсан “Улс үндэстнүүдийн өр” (The Debt of Nations) товхимлоос үзэхэд, 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн засгийн газруудын өр гурав дахин нэмэгджээ. Арван жилийн хугацаанд гурав дахин өссөн гэсэн үг. Мэдээж АНУ, Япон энэ өсөлтийн ихэнхийг бий болгосон.
Монгол Улс ч энэ чиг хандлагаас хоцроогүй. 2009 оноос хойш өрийн бичиг гаргах талаар ярьж, судалж байгаад 2012 оны сүүлчээр Чингис бондоор тухайн үеийн ДНБ-ийнхээ тавны нэгтэй дүйцэх хэмжээний хөрөнгийг босгосон. Ингэж Засгийн газар олон улсын өрийн зах зээлд нэвтэрч, хувийн хэвшлийнхэнд ч боломжийн хүүгээр мөнгө босгох боломж нээж өглөө хэмээн сайрхаж байв. Үнэндээ сайндаа ч биш, өөр гарцгүй болсон учраас л өр тавьсан байдаг. 2012 оны сүүлчээр ашигт малтмалын үнэ уруудаж, ялангуяа нүүрсний экспорт буурснаас төсвийн болон гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн байв. Чингис бондыг амжиж гаргаагүй бол 2008 оны санхүүгийн хямралаас өндийгөөд удаагүй байсан эдийн засаг эргээд хямрахаар байсан.
-Харин одоо цар тахал Монгол төдийгүй олон улс орныг өрөө нэмэхээс гарцаагүй байдалд оруулаад байна. Ингэснээр цөөнгүй орон дампуурах эрсдэлд орж байгааг эдийн засагчид анхааруулах болов. тэгэхээр бид юунд анхаарах ёстой вэ?
-2008 онд корпорациудын өрийн муу менежментээс болж дэлхийн санхүүгийн хямрал болж байсан бол одоо засгийн газруудын муу менежмент дараагийн хямралыг дагуулахыг үгүйсгэх арга алга. Үүнээс урьдчилсан сэргийлэх зорилгоор бид өрийн менежментдээ маш сайн анхаарах шаардлагатай. Ингэхдээ засгийн газрууд дараах эрсдэлүүдийг нарийн тооцоолох хэрэгтэйг Англи болон Уэйлсийн Мэргэшсэн нягтлан бодогчдын мнститут (ICAW) онцолж байна. Үүнд нэгдүгээрт,
хөрвөх чадварын эрсдэл – зээлээ цаг тухайд нь хариуцлагатайгаар төлөхгүй бол улс орон асуудалд орох учраас хангалттай санхүүжилт байгаа эсэхийг байнга нягтлах. Хоёрдугаарт, хүүгийн дарамт – зээлийн хүү өөрчлөгдөхөд зээлийн өртөгт хэрхэн нөлөөлж байгааг тооцох. Түүнчлэн инфляцын нөлөө – инфляцын түвшин өөрчлөгдөхөд зээлийн өртөгт хэрхэн нөлөөлж байгааг хянах. мөн валютын ханшийн нөлөө – валютын ханшийн савлагаа зээлийн өртөгт хэрхэн нөлөөлж байгааг анхаарах гэсэн.
Америкийн засгийн газрын хувьд хүү асар бага, мөн өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр зээл авдаг учраас валютын ханшид ч санаа зовох хэрэггүй болчихож байгаа юм. Харин манай Засгийн газрын хувьд эрсдэл их байгаа бөгөөд цар тахлын улмаас байдал улам л дордох төлөвтэй. Хэрвээ та санаж байгаа бол МАН 2016 оны сонгуулиар өрийн гүн ангал руу орсон эх орноо өрнөөс салгана гэж амлаад засгийн эрхийг авсан. Засгийн газрын өрийн хэмжээ буурсан гэж байгаа боловч дээрх бүх эрсдэл үнэндээ буурах биш нэмэгдчихээд байгаа юм. Тодруулбал, 2016 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын дотоод өр буурсан боловч гадаад өр хоёр дахин нэмэгдэж, 25 их наяд төгрөгт хүрээд байгааг / график 1-ээс / харж болно. Гадаад өр их байх нь ялангуяа ашигт малтмалын экспортын орлогоос хамааралтай манайх шиг орны хувьд асар том валютын ханшийн эрсдэл бий болгодог. Венесуэл улс л гэхэд газрын тосны орлогоо байнга л өндөр байх юм шиг санаад их хэмжээний долларын өр тавьсан байсан. Тэгээд түүхий эдийн ханш унаад ирэхэд тус улс том асуудалд орсныг мартаж болохгүй.
Дараагийн анхаарах эрсдэл гэвэл Засгийн газрын өр хувийн хэвшилтэй харьцуулахад хамаагүй их болсон байна. Монголбанкны статистик мэдээллээс (График 2) үзэхэд, манай улсын нийт гадаад өр 32 тэрбум ам. доллар байгаа бол Засгийн газар 8.6 тэрбум ам. доллар буюу 27 хувийг нь бүрдүүлж байна. Нэмээд долоо орчим хувь буюу 2.2 тэрбум доллар нь Төв банкинд ногдож байна. Хэдийгээр төв банкны өр Засгийн газрынхаас тусдаа боловч асуудал гарвал улс орны санхүү, эдийн засгийг нураах аюултай. Тухайлбал, 2001 онд Аргентины төв банк олон улсын санхүүгийн системээс гарахад тус улсын эдийн засаг 11 хувиар огцом унаж, ажилгүйдлийн түвшин нь 22.5 хувьд хүрч өсч байв. Мөн Засгийн газрын бонд, төв банкнаас бусад хэсэгт ч Оюутолгой, МИАТ, Хөгжлийн банк, Төрийн банк гэх мэт төрийн өмчит компанийн их хэмжээний өр байгааг анхаарууштай. Эдгээр компаниас нэг нь асуудалд ороход л улс орны санхүү, эдийн засгийн хувьд газар хөдлөлт болохтой ижил нөлөөлнө.
-Тэгвэл эрх баригч нам өрийн муу менежмент хэрэгжүүлсэнтэй холбоотой болох нээ?
-МАН-аас болоод гадаад өр хоёр дахин нэмэгдчихлээ гэж хэлэх гэсэн юм биш шүү. Ер нь дэлхийн ихэнх орон олон улсын өрийн зах зээл гэдэг галт тэргэнд ороод суучихсан. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн байхад Доналд Трамп ч юм уу, МАН өрнөөс гарна гэж амлаад гарчихдаггүй. Орлого хэчнээн их байлаа ч, нэмж бонд гаргахгүй байлаа ч, эсвэл бүр бүсээ чангалж ажилгүйдэл, ядуурлыг дэвэргэлээ ч улс орон өргүй болчихдоггүй. Тэгэхээр бид өр сайн уу, муу юу гэдэг талаар ярих биш, өрнөөс гарна гэсэн худлаа амлалт өгөх биш, харин өрийн менежментээ л маш сайн хийж сурах хэрэгтэй байна. Яагаад Грекийн өр ДНБ-ийнхээ 129 хувьд хүрэх үед дампуурсан байхад Америкийнх 130 хувиас давчихаад байхад зүв зүгээр яваад байна аа гэдэг асуултын хариу нь ердөө л эрсдэлийн тооцоо, менежмент юм. Өрөө найдвартай хянаж, зөв зүйтэй удирдахын тулд өрийн удирдлагын газар Сангийн яаманд биш, бие даасан байдлаар байх хэрэгтэй. Эсвэл Засгийн газрын гадаад өрийн удирдлагыг ил тод болгож, зарцуулалтыг нь хянахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: www.polit.mn