Б.ТӨГС

 

“Зууны мэдээ” сонин “Голомт капитал” үнэт цаасны компанитай хамтран олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл болон уул уурхайн онцлох тоймуудыг хүргэдэг билээ. Энэ удаад өнгөрсөн долоо хоногт дэлхийн таваарын зах зээлд ямар онцлох үйл явдал болсныг хүргэж байна.

Хятадад уурхайн осол нэмэгдэв

 

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын томоохон нүүрсний уурхайнуудад гурван том осол гарлаа. Үүнээс хамгийн ноцтой нь БНХАУ-ын баруун хойд бүсэд орших Xinjiang мужийн уурхайд гарсан ослын улмаас 21 хүн нурангид дарагдаад байна. Мөн Guizhou мужийн нүүрсний уурхайд болсон ослын улмаас найман хүн нас баржээ. Тиймээс тус улсын зүгээс уул уурхайн салбарын аюулгүй байдлын шаардлагуудыг чангатгахаар болсныг мэдэгдлээ. Мөн эрэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтийг хангалттай байлгах үүргийг өгсөн байна. “Mongolian Mining Corporation” болон БНХАУ-ын “CHN Energy Coal Coking” компаниуд Ганц мод хилийн боомт дээр нүүрсний агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хамтарсан компанийг байгуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээлэл байв. Ингэснээр Ганц мод хилийн боомтод 2020 оны долдугаар сард нээгдсэн “Chiheng” агуулахын талбайг ашиглах боломж бүрдэж байгаа бөгөөд тус агуулах нь 15 сая тонн нүүрс нөөцлөх боломжтой юм байна. Мөн Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Гашуун Сухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй автомашины тоо бага хэвээр байна.

 

Төмрийн хүдрийн нийлүүлэлт буурч ханш өсөв

 

БНХАУ-д төмрийн хүдэр нийлүүлэгч гол улс болох Австрали, Бразил улсын нийлүүлэлт өмнөх долоо хоногоос тус бүр 4.04 сая,  24.04 сая тонноор буурчээ. Бразилид их хэмжээний хур тунадас орж, нийлүүлэлт саатахад нөлөөлсөн байна.  Нийлүүлэлт саатсаны улмаас БНХАУ-ын Далианы таваарын биржид төмрийн хүдрийн есөн сарын фьючерс ханш 3.3 хувиар өсөж 1023 юань буюу 156.17 ам.долларт хүрлээ. Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүүлээр нөхцөл байдал улам даамжирч дөрвөн хувиар өссөн байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр төмрийн хүдрийн импорт 2021 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс найман хувиар буюу 21 сая тонноор өссөн байна. Энэ нь цар тахлын эсрэг вакцинжуулалт хийгдэж, эдийн засаг сэргэж байгаатай холбоотой гэж мэдэгджээ.

 

Зэсийн эрэлт улам нэмэгдэнэ

 

Энэ сарын 13-ны өдөр Дэлхийн зэсийн чуулга уулзалт боллоо. Тус чуулган дээр “Goldman Sachs” компанийн металын стратегич “Nicholas Snowdon” зэсийн ирээдүйн төлөв байдлын талаарх таамаглалаа танилцуулав. Тэрээр дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын идэвхжилт, улс орнуудын хэрэгжүүлж буй шинэ бодлогуудаас шалтгаалж зэсийн ханш томоохон супер циклд орох төлөвтөй байна гэлээ. Тухайлбал, БНХАУ агаарын бохирдлоо тэглэхийн тулд ногоон хөгжлийн дэд бүтцийг хөгжүүлж, 16 их наяд ам.долларыг зарцуулах төлөвтөй байна. Өмнөх супер циклийн үед БНХАУ нь 10 их наяд ам.долларыг ногоон хөгжлийн дэд бүтэцдээ зарцуулсан юм. Тэгэхээр Хятадад зэсийн эрэлт дөрвөн хувиар өсөөд байна. Цаашид ч эрэлт улам нэмэгдэхээр байгаа бөгөөд

Чили болон Перу зэрэг экспортлогч орнуудын нийлүүлэлт хангалтгүй байгааг онцолсон байна. Зэсийн чуулга уулзалтын дараа  “New York Comex”-ын таван сарын зэсийн фьючерс ханш 2.51 хувиар өсөж, паунд нь 4.130 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)