Т.САЙХАН
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Өнгөрсөн баасан гаригт Цэцийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан иргэд болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзсэн юм. Хэрэв УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Харин хүлээн авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулж асуудлыг эцэслэх учиртай. Тэгвэл өчигдөр үдээс өмнө болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар энэ асуудлыг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь хүргэснийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долдугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирээд энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан нь үнэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барихдаа 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. Ингэхдээ уг заалтын хэрэгжих хугацааг 2025 оны долдугаар сарын 1-нд мөрдөнө гэж заасан. Хэрэв уг хугацаагаар батлагдсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас хасч, 2020 оны тавдугаар сарын 25-нд дагаж мөрдөнө гэж тусгасан. Цагаан дээр хараар бичсэн уг заалтыг хууль тогтоогч хугацааг өөрчилсөн нь ойлгомжтой учраас Цэцийн дүгнэлт зөв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
- Цэц дээр асуудал үүсээд, олон нийтийг төөрөгдүүлж байгааг ойлгохгүй байна. Цэцийн харилцааг зохицуулахгүй бол болохгүй нь ээ. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Өмнө нь хэзээ ч ийм юм гарч байгаагүй. Цогтоо гишүүн нь ҮХЦ-ээс гарахдаа энэ байгууллагыг нулимаад гарлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)