Б.ДАМДИН-ОЧИР
Ерөнхийлөгч Х.Баттулга бол 2019 онд араараа тавиулсан хүн. ЕТГ-ын дарга нь УИХ дээр орж очоод хэрэгжих хугацааг наашлуулах санал өгчихсөн. Энэ саналыг УИХ-д оруулсан З.Энхболдод талархлын үгс дайж байгаа явдал нэлээд үзэгдэж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчийн байр суурь УИХ-д ингэж орж ирсэн юм. Харин Х.Баттулга өнөөдрийг хүртэл энэ хаалтыг анзаарахгүй явсан гэхээр бас л түүхийгээрээ улстөрч болж таараад байна. Гэхдээ оройтсон ч гэлээ чадлаараа эсэргүүцэв. Барсангүй. Барахад хүнд л дээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буй бололтой. Тэр дараагийн алхмаа хийж эхэлсэн гэж байна.
Тодруулбал, нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “...Зөвхөн нэг удаа зургаан жил” гэж байгаа бол энэ жил дуусах дөрвөн жилийг сунгаж, 2023 оныг хүртэл зургаан жил болгох ёстой гэсэн байр суурь гэх үү, санал гэмээр юм уу асуудлыг Ерөнхийлөгчийн талаас тавьж эхэлсэн бололтой. Гэхдээ энэ бас л хана мөргөх магадлал өндөр. Ер нь бол боломжгүй. Учир юу гэвэл, Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Х.Баттулгаас өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид ч хамааралтай тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр Х.Баттулга дээр хоёр жилийг нэмнэ гэвэл өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн найман жил ажилласан хоёр Ерөнхийлөгчөөс яаж хоёрыг хасах уу, дөрвөн жил ажилласан хоёр Ерөнхийлөгч дээр яаж хоёр жилийг нэмэх вэ гэдэг марзан “хана” босч ирнэ. Тэгэхээр Х.Баттулгын зүгээс гарсан гэх “тэгшитгэлийн санал” явахгүй нь бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.19 даваа № 78 (6555)