Б.ДАМДИН-ОЧИР
УИХ өөрөө хэдхэн сарын өмнө, тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг батлалцсан Т.Доржханд нар “...Үндсэн хууль зөрчлөө” гэж Цэцэд мэдээлэл гаргасан. Цэц маргаан үүсгэсэн. Цэц дээр УИХ-ыг Н.Энхболд төлөөлж орсон. Ялагдсан. Т.Доржханд нар “...Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж мэдээлэл гаргажээ. Харин Цэц “... Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлэн, 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” хэмээн шийдвэрлэв. Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “... “Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг”, 5.4-т “...50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байсан. Энэ заалтууд өнгөрсөн баасан гаригаас түдгэлзэж байна. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад эдгээр заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. УИХ бол МАН шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.19 даваа № 78 (6555)