Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүж байгаагаа  мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн хариу мэдэгдэл гаргалаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр " Үндсэн хуульд "Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн зарлиг гаргана, энэхүү зарлиг нь хууль зөрчвөл Ерөнхийлөгч өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно" гэж заасан байдаг. Ерөнхийлөгч захирамж гаргаж, Дээд шүүхэд хандсан нь УИХ-ын хяналтаас тойрч гарах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Ерөнхийлөгч төрийн байгууллагуудтай харилцах харилцааг хуулиар зохицуулсан.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг маш тодорхой зааж өгснөөс гадна зарим эрх нь Ерөнхийлөгчийн тухай хуульд бий. Тухайлбал, Ерөнхийлөгч улс төрийн намын тухай асуудалд зөвхөн шаардлагатай хүнд цаг үед улс төрийн хүчнүүдийг үндэсний эв нэгдэл, зөвшилцөлд хүргэх үүргийг хүлээдэг.

Түүнээс биш намыг тараадаг эсвэл аль нэг улс төрийн хүчинтэй тэмцэх үүргийг Ерөнхийлөгчид олгоогүй. Гэтэл ийм эрх Ерөнхийлөгчид байгаа мэтээр олон нийтэд ойлгуулж болохгүй. Энэ нь Ерөнхийлөгч өөрт байхгүй бүрэн эрхийг хэтрүүлж хэрэглэж буй үйлдэл юм. Хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэх уршигтай. Үндэсний эв нэгдэл гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ цар тахлын үед үндэсний эв нэгдэл туйлаас чухал байна. Хууль бус улс төрийн явуулгаа Ерөнхийлөгч зогсоох ёстой" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn