Б.ОЧИР


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараана гэв. Тэр захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлжээ. 
Үүнд МАН-ынхан ихэд эгдүүцэв. Оройхон хариу мэдэгдэл гаргалаа. 
Тус намынхан үүнийг "...Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэмт үйлдэл" гэв. Ноцтой дүгнэлт.
Энэ нь асуудал даамжирвал МАН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент буюу итгэл үзүүлэх асуудлыг "ярьж" мэднэ гэсэн үг.
Импичментийг  аль ч улсад парламент нь хийдэг. Монголд ч ижил. 
Монгол Улсын Үндсэн хуулийн 35.2-т "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэж заасан. 
Ер нь бол төрийн өндөр албан тушаалтан эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Төрийн өндөр албан тушаалтан буюу ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүдэд үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Энэ хариуцлагын тогтолцоо анх Их Британид үүссэн ч гэсэн өнөөдөр АНУ-ын системд нилээд үр дүнтэй тогтож байгаа.  Тодруулбал, АНУ-д импичмент үзүүлэх асуудлыг аль 1787 онд үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг.
Импичментийн гол ач холбогдол нь Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалдаг гэдэг.