Т.САЙХАН

Үндсэн хуулийн цэцээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа.  Өөрөөр хэлбэл, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэд нэр дэвших эрхгүй гэж дүгнэсэн юм. Энэ талаар Цэцэд гомдол, мэдээлэл гаргасан  УИХ-ын гишүүн Т.Доржхандын байр суурийг хүргэж байна.

 

-Цэцийн дунд суудлын хуралдаанаар та бүхний талд шийдвэр гаргалаа.  Хуралдаан ямар уур амьсгалтай болов?

-Цэц өнгөрсөн баасан гарагийн өглөө дунд суудлын хуралдаанаа зарласан.  Харамсалтай нь Цэцийн нэг гишүүний саналаар хуралдаан хойшилсон. Бид яаралтай хуралдааны зохион байгуулалтыг хийж явуулах нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан.  Мөн  Цэц ямар нэгэн нөлөөлөлд орчихов уу гэсэн хардлага байсан.  Гэвч Цэц тухайн өдрийн  15:00 цагаас шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. 

Гомдол, мэдээлэл гаргагчийн зүгээс УИХ-ын гишүүн Т.Доржханд миний бие, хуульч Д.Үүрцайх,  Н.Мөнхсайхан,  Бат гэдэг хүний хуулийн зөвлөх оролцсон.  Парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд ажилласан.   Ийм бүрэлдэхүүнтэйгээр гурван цаг гаруй хугацаанд хуралдаан үргэлжилж, нэлээд маргаан өрнүүлсэн.  Авууштай зүйл нь хууль зүйн хүрээнд мэргэжлийн мэтгэлцээн өрнөсөн.  Манай хуульчид тайлбаруудыг хоёр талаасаа өгөө аваатай нэлээд өндөр түвшинд гаргаж тавьсан.  Үүний үр дүнд Цэц Үндсэн хуулийнхаа талд шийдвэрээ гаргалаа.  УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах ёстой тэр заалтуудыг оруулж батлаагүй байна гэж дүгнэсэн.  Цаашид Үндсэн хуулийн үзэл санааг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах нь зүйтэй гэсэн үндсэн шийдвэр гаргалаа.

-Цэц дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн байна.  Цаашид үйл явц хэрхэн үргэлжлэх бол?

-Парламент цэцийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрэв парламент цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна.  Цаашлаад өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоогийн Ерөнхийлөгч нар нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас дахин нэр дэвших эрхгүй болно. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа тов тодорхой тусгаад явах юм.

-Таны хувьд яагаад энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болсон юм бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн энэ асуудал яригдаж эхэлсэн.  Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчөөр нэр дэвших иргэний асуудлыг дөрвөн нөхцлөөр маш тодорхой зааж өгсөн.  Монгол Улсын 50 нас хүрсэн иргэн,  сүүлийн таван жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан, Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гээд маш тодорхой байгаа. Үүний эхний гурван үндэслэлийг парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа  оруулчихаад зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэдгийг орхисон,  Ердөө ийм маргаан юм.  Үнэхээр дээрх дөрвөн заалтыг Үндсэн хуульдаа цагаан дээр хараар бичээд оруулчихсан юм бол дагалдах хуулиудад ч гэсэн оруулах нь зүйтэй гэсэн маш энгийн шаардлага байсан.  Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэх гэж өнгөрсөн гурван сарын хугацаанд аргацааж  ирсэн дээ.  Цэцийн зүгээс  “Хэлэлцэж байна, хэлэлцэх гэж байна, үргэлжилж байна” гэж ярьсаар гурван сар өнгөрсөн.  Харин Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ удаа ямар ч гэсэн иргэдийнхээ талд, Үндсэн хуулийнхаа зарчмын хүрээнд шийдвэрээ гаргалаа.  Өмнө нь  Үндсэн хуулийн цэц эрх баригч нам,  Ерөнхийлөгч гэдэг юм уу.  Төрийн өндөр албан тушаалтны эрх ашгийг хамгаалдаг субъект байлаа. Энэ нууц биш. Бид хууль засагладаг ийм төр улсыг байгуулж байж бүрэн ардчилалд хүрнэ.  Хуулийн өмнө дарга, иргэн хоёр адил тэгш эрхтэй байх ийм нийгэм бидэнд, Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй. Энэ л зүйлийг өнөөдөр Үндсэн хуулийн цэц баталгаажууллаа.  Одоо УИХ  Цэцийн дүгнэлтийг хүлээн авч алдаагаа засах ёстой.  Үүний дараа ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу, иргэдэд ойлгомжтой явагдах ийм орчин нөхцөл бүрдэх юм. Тэгж байж, сонгууль нь шударга, сонгогдсон Төрийн тэргүүн нь ард түмнээ хуваагаад байдаггүй, эв нэгдлийг эрхэмлэдэг ийм зөв хүнээ сонгох эрх иргэдэд хуулийн хүрээнд олгогдож байна.

-Хэрэв парламент Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэц дахин Их суудлын хуралдаан зарлаж шийднэ гэсэн үг.  Энэ талаар?

-УИХ-ын гишүүддээ хандан хэлмээр байна. Өнөөдөр ямар ч намын гишүүн байсан нам үл харгалзан ардчиллынхаа төлөө тэмцээч ээ. Бидний үнэт зүйл амьсгалах агаар нь ардчилал юм.  Нэг даргын эрх мэдлийг хязгаарлалаа гэхэд нэг хэсгээрээ эсэргүүцдэг ийм байж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн энэ удаагийн дүгнэлт бол Монгол Улсын ардчилалд тодоор тэмдэглэгдэх сайн үйл явдал гэж бодож байна. Энэ хийж байгаа бүхэн минь бидний ирээдүй хойчийн замд гэрэл нэмнэ гэсэн итгэл үнэмшил надад байна. Цаашдаа засаглал, эрх мэдлийн төлөө чичирч дайраад байгаа дарга нараа хуулиа бариа, өөрсдөдөө зориулж хууль хийдгээ, наймаалцдагаа болих хэрэгтэй.  Эрх мэдлээрээ далайлган өрсөлдөгчөө намнадаг, хэн ч биш болгодог, бизнесийг нь булаадаг, бүр цаашлаад үндэслэлгүйгээр ял өгдөг ийм жишээ олон байна.  Ийм байдал хэрээс хэтэрлээ.  Ийм хүмүүсийг дахин цаашид Төрийн тэргүүнээр  залаад явах юм уу.  Би бол тэгж бодохгүй байна.  Хуулиараа засагладаг байя.  Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн үндсэн гол санаа нь хоёр Засгийн газар байгаад байна.  Засгийн газрынхаа урдуур Ерөнхийлөгчийн институци орж ирээд газар ухаад , бизнес хийгээд, төмөр зам бариад байна шүү дээ. Энэ гажуудлыг засч Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь өгье. Ерөнхийлөгчийнх нь хязгаарлая гэдэг зарчмаар Үндсэн хуульд өөрчлөлт орсон гэж ойлгож байна.  Энэ бол дэвшил.  Бид ажлаа хийдэг, ажлаа зөв хуваарилдаг баймаар байна.  Гэтэл хоёр эрх мэдэл давхцаж явсаар байгаад л өнөөдрийн энэ бүх шударга бус зүйл бий болчихоод байна шүү дээ.  Тэгэхээр энэ бүхнийг засах нь ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн хүний үүрэг гэж ойлгож байна.  Энэ том өөрчлөлт, шинэчлэлт мэдээж амаргүй, гэхдээ үр дүнг нь олон нийт хүртэнэ.  Тийм болохоор цаашид зарчмаа, бариад тууштай ажиллана.  Хуулийн дагуу сонгогддог, хууль нь иргэддээ ойлгомжтой байдаг ийм л төрт улсыг бий болгохын төлөө ажиллах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.20 МЯГМАР № 79 (6556)