Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Анатоль Франс гэдэг нь Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдарсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгээр дархлагджээ. Анатоль Франс 1844 оны дөрөвүгээр сарын 16-нд Парис хотноо хуучин номын  худалдаачны гэр бүлд төржээ. Франс 1866 онд иезүтийн коллежийг төгсөөд А.Люмеррагийн хэвлэлийн газар ном судлаачаар ажилласан байна. Энэ үеэр тэр "Парнас" гэх уран зохилын бүлэгтэй ойртож 1868 онд “А. де Виньи” гэдэг анхны номоо хэвлүүлжээ. 1873 онд түүний “Алтан яруу найраг” түүвэр хэвлэгджээ. “Коринфийн хурим” гэсэн драмын яруу найргаа 1877 онд гаргажээ.  Франс 1875 оноос “Темпе” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад тэндээ уран зохиолын шүүмжийн албыг толгойлох болсон байна. 1890-ээд оны сүүлчээр “Дрейфусийн хэрэг” жишээ нь болсон хардалт сэрдэлтийн үе эхэлсэн байна. Франс “Орчин цагийн түүх” гэсэн нэлээд цуутай шог зохиол хэвлүүлэн дуулиан тарьж байв. Аажмаар тэрээр үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг лагерьт орж ирэв. Тэрээр ард түмний гэх их сургуулиудыг үүсгэхэд оролцон лекц уншиж байлаа. Зохиолч 1921 онд “Жишиг болсон стильтэй, хүмүүнлэгээр зовнисон, жинхэнэ галлийн сэтгэлийн хөөрлийг илэрхийлсэн,  гайхамшигтай уран зохиолын ололтынхоо төлөө” гэсэн үнэлгээтэйгээр Нобелийн уран зохиолын шагналтан болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1818.04.16. АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.

1847.04.16. Английн далайчид Маори омгийнхон руу санаандгүй гал нээснээр нутгийн уугуул иргэд Английн далайчдын эсрэг босчээ. Үүний улмаас Шинэ Зеландыг эзлэн түрэмгийлэх гэсэн урт хугацааны дайн дэгдсэн юм.

1910.04.16. Орчин үеийн шайбтай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.

1919.04.16. Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан иргэдийг хүч хэрэглэн тараасан Британийн колонийн засаг захиргааны эсрэг залбирал үйлдэхийг Мохандас Ганди уриалжээ.

1922.04.16. Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.

1941.04.16. Дэлхийн хоёрдугаар дайн: Итали-Германы хамтарсан тэнгисийн цэргийн хүч Британийн усан онгоцнуудыг бөмбөгдөж эхлэв.

1944.04.16. Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргийн хүч Сербийн Бельград хотыг бөмбөгдөв. Үүний улмаас 1,100 хүн амиа алджээ. Түүнээс гадна түүхийн дурсгалт Христийн Ортодокс сүм бүрэн нурсан юм.

1947.04.16. Америкийн улстөр судлаач Бернард Барук АНУ болон ЗХУ-ын харилцаанд сэв суусныг ажиглан "Хүйтэн дайн" гэх нэр томъёог анх удаа ашиглав.

1961.04.16. Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.

1963.04.16. АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.

Эх сурвалж www.zms.mn