Б.ДАМДИН-ОЧИР
З.Энхболд: Ядаж жилийн өмнөөс мөрдөхгүй бол “...Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй
Үндсэн хуулийн Цэц өнөөдөр одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийднэ. Цэц 29 “нас”-тай. Магадгүй, энэ хүртлээ ийм хүнд шийдвэртэй тулж үзээгүй байж мэднэ.
Учир юу гэвэл УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн юм.
Энэ заалт нь 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн төсөл явж байв. Харин ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийг төлөөлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны есдүгээр сарын 7-ны хуралдаанд орж, хэрэгжих хугацааг наашлуулах санал гаргасан. Үүний дагуу дээрх заалтын хэрэгжих хугацааг “...2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх”-өөр баталжээ.
ЕТГ-ын дарга З.Энхболд “...Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “...Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна” гэсэн байдаг юм.
Х.Баттулга: П.Очирбат гуайг нэр дэвшүүлж, энэ асуудалд цэг хатгасан
Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Цэц өнөөдөр Дунд суудлын хуралдаанаараа үүнийг хэлэлцэнэ.
Уг нь нэгэнт хэрэгжээд эхэлсэн хуулийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахиад нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг хуульчид, улстөрчид хангалттай тайлбарлаж байна. Гэхдээ эдгээр нь энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх эцсийн шийд болохгүй. Харин Цэц үүнд цэг хатгана.
Гэхдээ Цэцийн хувьд ацан шалаанд орчихоод байж мэдэхээр байна. Яагаад гэвэл одоогийн Ерөнхийлөгчийн зүгээс хоёр ч удаа Үндсэн хуулийн Цэц дээр биечилж очсон. Цэцийн зарим гишүүнтэй ч уулзсан.
Эхлээд 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Цэц дээр очсон. Тэгэхдээ “...“Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн Цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект.
2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна” гэсэн.
Дараа нь 2021 оны хоёрдугаар сарын 21-нд очив. Ингэхдээ Цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг өөрийн биеэр аваачиж өгсөн. Тэр үеэрээ “...Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.
Үндсэн хуулийн Цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн Цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна” гэж урьсан юм. Улмаар өчигдрөөс Цэцийн байрны гадна “шалтаг” барьсан жагсагчид очив. За тэгээд, цахим сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр Цэц рүү зүглэсэн мэдээллүүд хөвөрч л байна.
Тиймээс Цэцийн гишүүд Үндсэн хуулиа бариад “...Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй ээ” гэчихвэл улс төрийн “мешок” болчих вий гэсэн айдастай болчихсон байж мэдэх л юм.
“Цэцийн дээр Үндсэн хууль л бий”
Гэхдээ Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлд Цэцийг “...Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, “...Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, “...Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гээд тунхаглачихсан. Өөрөөр хэлбэл, Цэц нь Үндсэн хууль, тэр дундаа Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн бүх үнэт зүйлийг хамгаалах чиг үүрэгтэй. Товчоор хэлэхэд, Цэц бол Үндсэн хуулийн манаач.
Энэ утгаараа Цэц нь хуулийг, ялангуяа Үндсэн хуулийг тайлбарлан хамгаалж, нэгийн биш нийтийн эрхийн талд зогсох ёстой гэсэн үг.
Ер нь бол “...Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль хэрэгжих баталгаа болдог учир Монголын төрийн дархлаа” гэж манай нэрт хуульч тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн “...Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг” гэж Цэцийн анхны дарга Г.Совд гуай, бас Германы эрдэмтэн Монголд ирээд хэлсэн гэцгээдэг. Тэгвэл “...Цэцийн дээр Үндсэн хууль л байдаг” Гавьяат хуульч Б.Чимид гуай хэлж үлдээсэн байна.
Тиймээс Цэц өнөөдөр Үндсэн хуулиа манах уу, улс төрийг дагах уу гэдгээ өнөөдөр шийднэ гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.16 Баасан № 77 (6554)