Б.ДАМДИН-ОЧИР
Цэц дээр очсон “...Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” заалт
Үндсэн хууль тойрсон нэг том маргаан ойрын үед шийдэгдэнэ. Энэ маргаан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ заалт нь хуулийн төсөл дээрээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Харин тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан юм.
З.Энхболд: Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг сонгууль явуулахаас өмнө тавихгүй бол болохгүй
2019 оны есдүгээр сарын 7. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Байнгын хорооны дарга С.Бямбацогт “...За, ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. З.Энхболд даргын микрофоныг өгье”.
ЕТГ-ын дарга З.Энхболд “...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна”.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт “...Тэгэхээр түрүүнд бид нар энэ дээр нэлээд ярилцсан. Тэгээд яах вэ, “Төслийн 2 дугаар зүйлийг хасах” гээд санал хураагдчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой, холбогдох зохицуулалтуудыг холбогдох органик хуулиудад хийж явах бололцоо, боломж бүрдээд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо, боломж нь бүрдчихнэ гэж үзэж байгаа”.
Х.Тэмүүжин: Одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй
Энэ асуудлаар АН-ынхан ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “...Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй” гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл “...Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “Нэг удаа” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна” гэж байв.
З.Энхболд: “Эрдэнэт үйлдвэр”, Тавантолгой, Үндсэн хууль...
Үндсэн хуулийн энэ зүйл заалтаар Цэцэээс гадна нийгэмд маргаан үүсч, улстөрчид болоод хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ, үгүй” гэсэн тайлбараар жил тойроод маргалдлаа.
Мэдээж хэрэг, энэ асуудлыг Цэц шийднэ. Цэг тавина. Цэцийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдрал дээр хэрхэн буулгаснаа харуулна. Хууль зүйн талаасаа хамгаалах уу, алдах уу гэдэг “хаалгач”-ийн үүргийг гүйцэтгэнэ. Улстөржсөн байр сууриас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг тодорхойлно.
Энэ сацуу 2019 оны тэр нэгэн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын хэрэгжих хугацааг наашлуулах санаачилга гаргасан З.Энхболдыг шүүмжлэх, бас дэмжих хандлага олон нийтийн дунд байна.
З.Энхболдын энэ үйлдлийг нэг талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын даргаар ажиллаж байхдаа дахин нэр дэвших боломжийг нь хаачихаад явсан гэдэг шүүмжлэл байна. Энэ утгаар З.Энхболд нь Х.Баттулгад гай тарьчихсан болж таараад байгаа юм.
Гэхдээ З.Энхболд улстөрчийн хувьд өөрийнхөө шийдвэр дээр хатуу зогссоор ирсэн нэгэн. Хорь гаруй жилийн тэртээ ТӨХ-нд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” дээр очиж “...Төр өмчөө мэддэг байх ёстой” гээд тухай үед явагдаж байсан нэгэн том операцыг таслан зогсоож байв. Мөн дөрвөн жил гаруйн өмнө алдагдах гэж байсан Тавантолгойн ордыг үлдээх тал дээр хатуу зогссон. Энэ мэт олонд таалагдах гэдэггүй ч байр суурь нь олон нийтийн талд байсаар ирсэн нь үнэн юм. Тэгэхээр том агуулгаараа З.Энхболдын дээрх үйлдлийг Герман эрдэмтний хэлснээр “...Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй” Монгол Улсын Үндсэн хуулийн талд зогссон гавьяа ч гэсэн болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)