Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1961 оны дөрөвдүгээр сарын 12. Юрий Гагарин Восток 8KA-72 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 08 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон юм. Анхны жолоодлоготой нислэгийг Ерөнхий зохион бүтээгч Сергей Павлович Королев удирдсан ба гарааных нь дараа "Зөвхөн нисээд л амьд мэнд эргэн ирээсэй!" гэж хэлж байсан гэдэг. Тойрог замд гарсны дараа Гагарин “Тэнгэрийн хаяаг харж байна. Тэр хөвөн урсана. Тэнгэрт од харагдахгүй, дэлхийн гадарга цонхоор харагдаж байна. Дэлхийн хязгаараар тэнгэр хар, тэнгэрийн хаяаны хязгаараар ихээхэн үзэсгэлэнтэй цэнхэр титэм харагдан тэр нь холдох тусам харлаж байна” гэж дамжуулсан байна. Нислэгийн үеэр ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг Гагарин сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах байлаа. Сансрын анхны нисэгчийн нислэг 108 минут үргэжлээд хөлгийн буух аппарат Саратов мужид газарджээ. Хэдэн км-ын өндрөөс Гагарин хөлгөөс харвагдан шүхрээр буух аппаратынхаа ойролцоо газарджээ. Түүний сансарт ниссэн 1962 оны дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн энэ өдөр Зөвлөлтийн дараа нь Оросын үндэсний баяр болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1917.04.12. Дэлхийн I дайн: Канадын цэргийн хүч Вирми Брижийн тулаанд Германчуудыг буулган авч тэр хавийн газар нутгийг Германаас чөлөөлөв.
1927.04.12. Шанхайн халдлага: Хятатын удирдагч Чианг Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов. Ингэснээд Цэргүүдийн нэгдсэн анхдугаар арми нуран унасан юм.
1928.04.12. Германы нисэх хүчний "Бремен" нисэх онгоц атлантын далайг гатлан умардаас өмнө хүрсэн Германы анхны нисэх онгоц болжээ.
1934.04.12. Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан гэдэг.
1937.04.12. Англи улсын Регби хотод тийрэлтэт хөдөлгүүр суурилуулсан нисэх онгоцыг эрдэмтэн Сир Френк Уиттл туршжээ.
1945.04.12. АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Ингэснээр дэд ерөнхийлөгч Харри С.Труман АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.
1955.04.12. АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршин хөгжүүлж эхлэв.
1963.04.12. ЗХУ-ын цөмийн зэвсэг суурилуулсан "К-33" шумбагч онгоц, Финландын худалдааны "Финнклиппер" онгоцтой мөргөлдөн хүнд хохирол амсав.
1980.04.12. Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.
Эх сурвалж www.zms.mn