Б.ТӨГС
Бүх нийтээр хөл хорио тавихтай зэрэгцэн Засгийн газрын задалсан сюрприз нь Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгох байв. Хөл хорионы үед эдийн засгийн эргэлт болон иргэдийн амжиргааг дэмжихийн тулд нэг удаагийн тусламж хэлбэрээр олгохоор болсон энэ мөнгөний эхний ээлж Засгийн мэдэгдэлтэй зэрэгцэн хүүхдүүдийн дансанд орж эхэлсэн юм. Ажил зогсож, орлого буурах энэ 15 хоногт иргэн бүрт олгож байгаа энэ тусламжинд олон нийт талархалтай хандаж байна. Харин хөл хорионы өмнөх өдөр хүнсээ бэлдэх гэсэн ажлаа амжуулах гэсэн иргэдийн бөөгнөрөл, түгжрэл, бухимдал дээд цэгтээ хүрэв. Энэ дундаас хамгийн их стресс үүсгэсэн нь манай банкуудын сүлжээний ачаалал доголдсон явдал байв. Бүх банкны салбарууд данснаасаа мөнгөө авах гэсэн иргэдийн очерт дарагдсан байсан бол цахим гүйлгээ, АТМ, пос машинууд ч сүлжээний доголдолд орж дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудад бэлэн мөнгөгүй иргэд картаа уншуулж чадахгүй асуудал үүссэн юм. Пос машинаар удаа дараа картаа уншуулснаас болж данснаас нь олон удаагийн зарлага гарсан, карт нь уншсан хэрнээ гүйлгээ нь ороогүй зэрэг алдаатай гүйлгээнүүдийг өнөөдөр хүртэл залруулж дуусаагүй л байна. Энэ асуудал арилжааны ихэнх банкууд дээр үүссэн юм.
Тэгэхээр гуравхан сая хүний санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээний ачааллыг манай арилжааны банкуудын систем дийлэхгүй байгаа нь хөл хорионы өмнөх өдөр тодорхой харагдав. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт олгосон “300к” манай банкуудад муу дүн тавьчихлаа. Цаашид сүлжээний чанар, чадлыг сайжруулах шаардлагатайг ч тодорхой харуулав.
Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгийн эхний ээлж буюу хүүхдүүдийн мөнгө дансанд нь хэдийнэ орсон. Мөн “ebarimt” системд бүртгэлтэй данстай иргэдийн зарим нь мөнгөө аваад байна. Тэгвэл мөнгө нь дансанд нь ороогүй байгаа иргэдийн хувьд газарзүйн байршлаас үл хамааран интернет орчинд нэвтрэх боломжтой газар байгаа л бол “ebarimt” системд бүртгүүлээд мөнгөө авах боломжтойг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлжээ.
Тухайлбал,
-Насанд хүрсэн
-Тэтгэврийн насанд арай хүрээгүй
-Одоогоор төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй
-Гадаадад сурч, амьдардаг, эх орондоо ирээгүй
-E-баримт байхгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй
-Төрийн албаны цалингийн сүлжээнд байхгүй
-Малчны А дансаа бүртгүүлээгүй
-1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон бол “ebarimt” системд бүртгүүлэхийг сайд зөвлөжээ. Мөн иргэдэд олгож байгаа тусламжаас зээл таталт хийхгүй байх хүсэлтийг Монголбанкнаас арилжааны банкуудад хүргэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.12 ДАВАА № 73 (6550)