Т.САЙХАН

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр болсныг зарлалаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо" гэв.

Мөн "Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn