Т.САЙХАН
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв. Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.
"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан. Үргэлжүүлэн цахим хуудастаа дэлгэрэнгүй мэдээлж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням томилогдоод удаагийн байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар түүнийг тус байнгын хорооны даргаар сонгосон юм. Өмнөх дарга Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сэлгэн томилсон учраас цонх үүсээд байв. Г.Дамдиннямын хувьд анх удаагаа гишүүнээр сонгогдсон. Мөн анх удаагаа байнгын хорооны даргалахаар болж байна. УИХ-аар удахгүй батлах Боловсролын хуулийн шинэчлэл дээр голлон ажиллаж байгаа нь байнгын хорооны дарга болоход нөлөөлсөн болов уу. Тэрбээр Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалын чиглэлээр магистр хамгаалсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Ийнхүү анх удаа сонгогдоод байгаа отгон гишүүдийн нэг байнгын хорооны дарга болж байна.
Эх сурвалж:www.polit.mn