Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /04.08/ хуралдаанаар  Цэцийн гишүүнийг томилох чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,  С.Бямбацогт нар нэлээд маргалдав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -МАН 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчтэй болно гэснээс хойш хууль зөрчих үйл явц явж байна. Одоо Цэцийн гишүүд рүү орж байна. Бүх зүйлд улс төржсөн тайлбар хийх юм. Томилгоог дээрэмдэж болохгүй. Бие даасан шүүгчтэй болох асуудлыг С.Бямбацогт замхруулах нь. Ёс зүйтэй байцгаа л даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд байхад нь Засгийн газрыг нь огцруулах тал дээр би нэлээд ажиллаж байсан. Одоо түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө өширхөхөө боль.   Та бас настай хүн.  Энэ асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууль ярилгүйгээр улс төр яриад баймааргүй байна. Хамар доорх хагархай гэдэг шиг Н.Алтанхуяг гэдэг хүн ганцхан хагархайтай биш.  Би ч гэсэн хагархайтай.   Хуулиа унш.  Ядах хуулийн ТМС төгсчих.  Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийг хүн бүхэн мэдэж байгаа.  Ерөнхийлөгчийн ойр байж хамаг хэргээ хаалгачихаад одоо чуулганы танхимд томрох хэрэггүй.  Нэг л худлаа попорсон шударга хүн.  хэн ч итгэхгүй гэв. 

Эх сурвалж:www.polit.mn