Т.БААСАНСҮРЭН
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг “Сүлдэн овгийнхон” хэмээх сонирхолтой ном туурвижээ. “Хойч үеийнхээ ирээдүйг заая гэвэл холдож хоцорсон буурал түүхээ судал” гэсэн үгээр эхэлж байгаа энэ бүтээл нь товчоолсон баримт, дурсамж тэмдэглэл, бодол эргэцүүлэл, эсээ нийтлэлийн шинэ эмхэтгэл юм.
“Сүлдэн овгийнхон” шинэ номоо зохиогч өөрийн төрүүлсэн эх Бүтэдийн Сүрэнгийн 105 насны ой, Монголын ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхан амьдрал, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшил авчирсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээжээ.
Шинэ ном үндсэн есөн бүлгээс бүрдэж байна. ”Буурал түүхийн жимээр бэдэрсэн бүлэг” хэмээх эхний бүлэгтээ өөрсдөөс нь алсран холдсоор байгаа ч хэзээ ч үл бүдгэрэх дээд үеийнхнийхээ тухай хоёр хэсэгт хуваан өгүүлсэн байна. Эхний хэсэгт домог мэт амьдрал /Ажаагийн хууч ярианаас/ гэсэн гурван нийтлэл, хоёр дахь хэсэгт Ажаагаас минь эхтэй удмын шинэ түүх, Архивын баримт гэсэн хоёр материал оржээ.
Хүн гэдэг амьтан цагийн урсгалд хөвж явахдаа хүн байхын утга учрыг ухаарч, хүн шиг хүн явж, амьдарсан шиг амьдарсаар нэгэн насыг элээхийн тулд эрэн хайгч, шаргуу тэмцэгч, ялан дийлэгч байх ёстой. Хүн байхын учир, ажиллаж амьдрахын утга агуулга энэ буюу гэж С.Зэвсэг энэ бүлгийнхээ бүтэн агуулгыг хоёрхон өгүүлбэрээр багцалж илэрхийлсэн байна.
Хоёрдугаар бүлэг нь “Шинэхэн түүхийг бүтээгчид” нэртэй аж. Ижий уул, Хотойж нугараагүй ноён нуруу, Хүү эргэж ирсэн нь, “Ковид”-ын дайрлага ба цагаан сар, Бурхан бид хоёр, Ажаатайгаа дахин уулзаагүй, Бурхан тахилын минь зул тасраагүй явна зэрэг 17 нийтлэлийг оруулжээ. Энэ бүлгийн агуулгын тайлал нь төрсөн газрын шороо-эрдэнэ. Төрүүлсэн эхийн сүү-рашаан. Ингэж С.Зэвсэг хоёрдугаар бүлгийн бичлэгийн утга агуулгыг илэрхийлжээ.
“Нүүдлийн ая дагасан тэмдэглэл хэмээх цаг тооны бичээс” гэж гуравдугаар бүлгээ гарчигласан байна. Миний мэдэх төдий нүүдэл, буудлын тойм, Сэтгэлд хоногшсон нүүдэл, буудал, Элдвийг мөрөөдсөн хүүхэд нас, Ардын сургуулийн алтан босго, Н.Багабандид захидал илгээв, Гал голомт, зан үйл, Ариусгалын дээд нь өөдөө дүрэлзэх гал зэрэг 22 нийтлэл багтжээ.
Өөжинд суулгасан үр нь
Сүүл хөхөж зүүрмэглэнэ
Өнгөт дөрвөн улирлыг элээж
Монголын их нүүдэл хөвөрнө гэжээ.
Дөрөвдүгээр бүлгээ “Үр удмын хэлхээ үе залгамжлагчид” гэж нэрлэжээ. Оршлын оронд өгүүлэхүй, Олны хүч оломгүй далай гэсэн хоёр нийтлэлээс эхлэл хэсэг нь бүтсэн байна.
Хөдөөгийн уул толгод, ус ундаа, хүн ардын зан заншил, эгэл бор амьдрал, аж төрөх хэв маяг, монгол ухаан л миний сурсан уншсан, үзсэн дуулсан юм юмхныг минь тэжээн тэтгэж, оюун сэтгэлгээг минь сэлбэж, ааг хандыг нь идээшлүүлж, дэглэж хөглөж, бодож болгоох, бичиж бүтээх эрч хүч, урам онгод хайрлаж намайг хурцалдаг юм гэж Сүрэнгийн Зэвсэг бодлогошрон өгүүлсэн аж.
Залгуулаад таван бүлгийг тус тусад нь гарчиглан шигтгэж өгчээ. З.Өлзийсайхан хэмээх нэгэн бүлэг, З.Батсайханыхан хэмээн нэгэн бүлэг, З.Золзаяагийнхан хэмээх нэгэн бүлэг, З.Сайнзаяагийнхан хэмээх нэгэн бүлэг, З.Өнөрзаяагийнхан хэмээх нэгэн бүлэг гэсэн байна. Зэвсэгийн таван хүүхдийн үүх түүх аж. Энд нийтдээ 37 нийтлэл оржээ. “Ач хүү, өвөө хоёрын хөөрөлдөөн”, “Өвөө, зээ охин хоёрын яриа” зэргээр дундуур нь жийрэглэн чимэглэж өгчээ. Ач, зээ нарынх нь хөгжилтэй, хөгтэй түүхүүд хөвөрч байна.
“Үе залгамжлагчид” гэж тавдугаар бүлгээ нэрлэжээ. Миний ач, зээ буюу гурав дахь үе, Миний дөрөв дэх үеийнхний түүчээ, “Хөг”-ийн нөхдүүдийн хөгжилтэй яриа гэсэн гурван хэсгээс бүтсэн аж. Удамт хүний үрс, угшилт гүүний унага, Сайн хүний үрс, сүүт гүүний унага гэж мэргэн ардынхаа ухаант үгнээс эшлэж байгаад хүүрнэн өгүүлсэн байна.
Зургадугаар бүлгээ “Миний ганц дүү хэмээх нэгэн бүлэг” гэж онцлон товойлгожээ. Дүү төрсөн нь, Дүү бидэн хоёр хийгээд бидний бага нас, Сүрэнгийн Цоодол гэх зэрэг долоон хэсгээс бүрдэж байна. Түүний төрсөн дүү анагаахын шинжлэх ухааны доктор Сүрэнгийн Цоодолын амьдрал хөдөлмөр, хань, үр хүүхдүүдийнх нь тухай өгүүлжээ. Орчлонд ооны эвэр шиг хоёулахнаа нартыг тууллаа гэж зохиогч халаглан харуусан өгүүлсэн байна.
“Ном бичиж л явна” гэж долдугаар бүлгээ гарчигласан байна. Амьжиргаа, уран бүтээлийнхээ төлөө зүтгэж мэтгэсэн он жилүүд, Аппарат үүрсэн жарны харгуй гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Сүрэнгийн Зэвсэг өөрийн уран бүтээлийн жаргал, зовлонгоо уншигчидтайгаа хуваалцаж байна.
Тэр бол Монгол Улсын нэртэй сайн нийтлэлч төдийгүй, зартай том гэрэл зурагчин юм. “Сүлдэн овгийнхон” ном нь нийтлэл ба гэрэл зургийн хосломол цоморлиг агаад үүгээрээ уншигчдын сонирхлыг илүүтэй татахуйц болсон аж. Би улиран одсон он жилүүд, тэр үеийнхний тухай, мартахын аргагүй дурсамж, цайлган цагаан сэтгэл минь уусч үлдсэн нутаг усныхаа тухай, эцэг өвгөд, удам угсаа, тэдгээрийн амин холбоо, хүмүүсийн өөр хоорондын эгэл сайхан харьцаа, амьдралд байдаг жирийн хэрнээ сонин содон үйл явдал, уянгат сайхан хийгээд уйтайхан, баяртай болоод харуусалтай учир тохиол, нүүдэлчдийн аж төрөх арга жаяг, хэв маягийг үзсэн дуулсантайгаа холбон эргэцүүлэн бодож, хөдөө нутгийнхаа эгэл боргил амьдралын үй түмэн нугачаа, тоо томшгүй бурантаг, цулбуурын нэгээс барин авч говь тал хээрийн салхи савир, их уулсын арц, цэцэг ногооны үнэр танарыг хаа сайгүй ханхлуулсан тийм ном бичихсэн хэмээн байнга бодож, мөрөөдөж явдаг даа гэж Сүрэнгийн Зэвсэг өгүүлжээ.
Тэр “Их аяныхан”, “Хүйн чулуу”, “Ширээ хадны хаваржаа”, “Япон орон”, “Өнөөгийн өнгө төрх”, “Хөгшин европоос хөх арлын оронд”, “Эрдэнэтийн Отгонбилэг”, “Мөнгөн тэргүүнт их уулсын нутаг”, “Хүн явахын учир”, “Үзэг цаас хоёр минь” гэсэн олон сайхан ном туурвижээ. Түүний нийтлэлийн номуудаас тал хээр нутгийн агь ганга, анхилуун цэцэгсийн үнэр сэнхийх шиг санагддаг юм. Наймдугаар бүлэг нь “Хүн мөрөөдсөндөө хүрвэл амжилтын дээд” нэртэй. Ном төрөх цагийн эргэцүүлэл, Санаснаараа ажиллаж, амьдарч яваа минь, Дал гэдэг бас л бичиж бүтээх нас, Хайрхан ууландаа өргөсөн сүүн цацал гэсэн дөрвөн нийтлэл оржээ.
Хүн нас ахих тусам төрсөн нутаг, ууж ундаалж өссөн ус, бүдэрч тулж боссон газар шороо, нөмөр энгэрт нь багтаж хүн болсон уул толгод, өвгөд хөгшдөө их боддог юм байна. Тэгээд нутаг усаа, өнгөрснийг, ялангуяа хүүхэд ахуй насаа дурсан ярьж, бичиж байж сэтгэлийн цэнгэл эдэлдэг тийм нэг “зовлонтой” жаргал хүн бүрд ирдэг бололтой. Энэ бол Монгол эх орондоо, энэ сайхан нутаг усандаа хүн болж төрсний их хувь зохиол, баярлан бахархах сэтгэл, ганцхан олдох насны их буян юм гэж Сүрэнгийн Зэвсэг бичжээ.
“Дээдийн сургаал-яндашгүй баялаг” гэж есдүгээр бүлгээ нэрлэжээ. Дээдсийн сургаалыг дээдэлсэн хаялга үг, Ажиллаж амьдрахын ухаан, Нөхдийгөө түшиж багаар ажиллахын учир гэсэн гурван нийтлэл оруулжээ.
Үзгэнд утга агуулга
Зүгэнд чиг баримжаа
Уншихын учир мэдлэг
Ухаарахын учир чадвар
Анхаарахын учир сураг
Ажиглахын учир арга
Бодвол арга ухаан
Болгоовол үр дүн
Гүйвэл өгөөж буян
Зүтгэвэл амжилт
Оролдсон нь хождог
Суусан нь хоцордог /Бодлын бор дэвтрээс/ хэмээн сургамжилжээ.
Сүрэнгийн Зэвсэгийн бичсэн “Сүлдэн овгийнхон” хэмээх 546 хуудас содон болоод сонин цоморлигийн товч утгыг хураангуйлан томъёолбол ийм ажгуу. Хуудсууд нь хуучин шинэ ховор нандин зургуудтай, үг өгүүлбэр бүр нь үнэн амьдралын хүүрнэл бодол эргэцүүллээр бялхсан сонирхолтой бүтээл болжээ. “Зөв эргэсэн гурван зэтэртэй хас. Голдоо мөн зөв эргэсэн хос загас, титэм дээрээ сар, нар, гал бүхий тэмдэг бол Сүлдэн овгийнхны сүлд” хэмээжээ.
Өнгөрсөн зууны 1990-ээд оноос хойш монголчууд өвөг дээдсийнхээ үүх түүхийг илүүтэй сонирхож, өрх гэр бүлүүд ургийн бичгээ хийдэг болсон. Тун сайшаалтай. МУСГЗ, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг “Сүлдэн овгийнхон”-ы ургийн бичгийг урлан бүтээсэн нь энэ юм. Уламжлалт “ургийн мод”-ны зарчмыг гол чиглэл болголгүйгээр арай өөр аргаар буюу өөрийнхөөрөө зохиомжлон бүтээсэн нь энэ юм. Энэ нь хэдийгээр нэгэн овгийнхны тухай өгүүлсэн бүтээл мэт боловч Монгол Улс, монголчуудын туулж өнгөрүүлсэн он жилүүд амилан босч ирж буй нь сонин. Номын агуулга болоод зохиомж сонирхолтой, баримт нотолгоогоор баян, нэн ялангуяа хар цагаан ба өнгөт гэрэл зургуудаар элбэг дэлбэг болсон нь хэн хүнд санаа авахуулахуйц сайн бүтээл болжээ.
Жишээ нь XIV Далай ламын мутрын үсэг бүхий зураг, Бакула Рембүчигээс Сүрэнгийн Зэвсэгт дурсгасан зураг, түүний эрхэм хүн Ажаагийнх 1966 оны хөдөлмөрийн дэвтэр, долдугаар ангийг онц дүнтэй төгсөхөд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын найман жилийн сургуулийн захиргаанаас олгосон “Алтан үсэгтэй бичиг”, Гэр бүлээрээ “Ширээ хадныхаа хаваржаа”-нд авахуулсан хамтын гэрэл зураг, 1973 онд Сүрэнгийн Зэвсэгт олгосон МАХН-ын № 029794 гэсэн дугаартай намын гишүүний батлах, 1992 онд олгосон Улсын тусгай хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн 1063 тоот үнэмлэх, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр А.Одонбаатарын ээждээ дурсгасан зурагт мэндчилгээ, Д.Амартүвшингийн “Мангасууд” хэмээх өнгөт харандаан зураг /2018/, Р.Оджаргалын нохойн гөлөгтэй болох мөрөөдлийг илэрхийлсэн “Миний мөрөөдөл” бичлэг, С.Цоодолын ЗХУ-д докторын зэрэг хамгаалсан диплом болон мэргэжлийн үнэмлэх, Сүрэнгийн Зэвсэгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын 2008 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 292 тоот зарлиг, “Ширээ хадны хаваржаа” номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн “Батламж” зэрэг олон сонирхолтой баримтын эх зураг уг номонд орсон аж. Хөдөлшгүй баримтууд, хадаас адил нотолгоонууд болжээ.
Сүрэнгийн Зэвсэгийн “Сүлдэн овгийнхон” ном сонин бөгөөд сонирхолтой, давтагдашгүй өвөрмөц зохиомжтой, содон агаад сондгойрсон бүтээл болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)