Ч.ОЛДОХ
Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай энэ долоо хоногт хэлэлцээрийн ширээнд сууна. Хэлэлцээ хаалттай болох уу, нээлтэй байх уу гэсэн хүлээлт олон нийтэд байна. Албаны зарим эх сурвалж хэлэлцээ хийсний дараа хоёр тал албан ёсны мэдээлэл хийх болов уу гэв.
Хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Рио Тинто” компанийн Зэсийн группийн ерөнхийлөгч Б.Болд Монголд ирсэн. Тэрээр 14 хоногийн тусгаарлалтад байсны дараа хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэхдээ хэлэлцээрийн гол асуудал нь “харилцан ашигтай байх талаар ярилцана” гэсэн. Гэтэл “Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй, 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гэсэн тооцооллыг “Рио Тинто” компанийнхан гаргаж Монгол Улсыг сүрдүүлж байна гэсэн мэдээлэл бүх сувгаар цацагдчихаад байгаа. Тэгвэл Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго “Хоёр талын хэлэлцээгээр Оюутолгойн төслийг зогсоох хүртэл асуудал хурцдахгүй болов уу” гэсэн ярилцлагыг хэвлэлд мөн өгсөн. Үүнээс үзвэл хэлэлцээрийн оршил “Хожил хоёр тийшээ” гэсэн месежийг олон нийтэд өгөөд байна. Гэхдээ хэлэлцээрийн шатанд юу болохыг таашгүй.
Засгийн газраас Ажлын хэсэг, УИХ-аас байгуулсан Түр хороо хэд хэдэн удаа хуралдаж хэлэлцээрийн бэлтгэлийг хангасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт хуралдахдаа хэлэлцээрийн удирдамжийг баталсан гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт Монголын талыг төлөөлж оролцох багийн нэрийг тодорхой болгож, хэлэлцэх асуудлын дарааллыг тодорхой болгож баталсан гэсэн үг юм. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ ажлын хэсгийн бас нэг гол хүн нь ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдорж юм. Түүний хувд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед ХЗДХ-ийн сайд байсан. Энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын даргын статустайгаар хэлэлцээрт оролцох гэж байна. Харин Оюутолгойн асуудлаар шаардлага тавьж, өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Түр хороонд багтсан ч хэлэлцээрт оролцохгүй. Тэрээр хэлэлцээрийг угтаж өдөр тутмын хэвлэлүүдээр ил захидал, шаардлага гаргаад байгаа. Түүндээ “Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, Лондоны Арбитрын шүүхэд манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлээд байна.
Ажлын хэсэг, Түр хорооны хамтарсан хурлаар нэгдүгээрт, “Хөрөнгө оруулагч талын шахалтаар 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах ёстой. Хоёрдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага тавьсан. Хэрэв хөрөнгө оруулагч тал шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах байр суурь илэрхийлсэн” гэж мэдээлж байсан билээ. Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ийм утгатай зүйлийг С.Ганбаатарыг төв талбайд өлсгөлөн зарлаж байх үед очиж уулзахдаа хэлж байсныг олон нийт мартаагүй байх. Тэгэхээр хэлэлцээ хэрхэн явагдах нь монголчуудын анхаарлын төвд байгаа гэсэн үг.
“Рио Тинто” компанийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ явцад төлөвллөгөөт бус зардал их гарсан. Газрын гүнд чулуулаг ихтэй учраас хөрөнгө, цаг хугацаа шаардаж ажил удааширснаас асуудал үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсыг төдийгүй бусад хамтрагчид эдийн засгийн болон цаг хугацааны хүлээлт үүсгэн бухимдуулж, олон улсын шүүхийн шатанд маргаан эхлүүлээд байгаа билээ.
Хэлэлцээрийн эргэн тойронд Монголын иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эдийн засагч, судлаач, ажиглагчдын зүгээс шүүмжлэл өрнүүлж байна. Тухайлбал, гавьяат эдийн засагч Т.Балжинням саяхан “Монголын Засгийн газар "Рио Тинто"-д алдаад байгаа 10 гаруй тэрбум ам.доллараа авч чадах уу? “ гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн. Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалтыг 4.4 тэрбумаар хийнэ гээд 15 тэрбумыг зарцуулсан гэж буй Рио Тинто” компаниас асуух зүй ёсны асуулт юм. Ажлын хэсэг энэ талаар ямар шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт олон нийтэд байна. Бас нэг шүүмжлэл байгаа нь “Рио Тинто” компанийн удирдлагатай биш салбар хариуцсан гүйцэтгэх захиралтай Монголын Засгийн газар бараг танхимаараа шахам хэлэлцээийн ширээнд сууж байгаа нь хэтэрхий “жижгэрсэн” асуудал гэж зарим эх сурвалж үзэж буй юм.
Эцэст нь хэлэхэд хэлэлцээр “хожил хоёр тийшээ” гэсэн горимоор явах уу, баялгаа өгчихөөд өрөнд орж, алдагдал хүлээсэн хэвээр үлдэх вий гэдэгт монголчууд санаа зовж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)