Б.ТӨГС
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нээлттэй бондын эхний арилжаа өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 9-нд дуусна. Бондын өгөөжийн талаар “Голомт Капитал ҮЦК” компанийн ахлах брокер А.Ерболаттай ярилцлаа.
- 2020 он хэдийгээр цар тахалтай хүндхэн жилүүд байсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн салбарын хувьд сэргэлтийн жил байлаа гэж салбарынхан дүгнэж байна. Таны хувьд ямар бодолтой байна?
- Тийм ээ, Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэн жил болж байна. Өмнөх жилүүдэд харилцагчид ихэвчлэн банкны хадгаламжинд мөнгөө хадгалуулж ирсэн. Харин 2020 оны гуравдугаар сараас хойш Монголбанк бодлогын хүүг шат дараатайгаар бууруулж 11-6 хувь болтол бууруулсан.
Энэхүү шийдвэрийг дагаад банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж, одоо секторын голлох банкуудын жилийн хадгаламж дунджаар 8.5 хувьд хүрсэн байна.
Иймд хадгаламж эзэмшигчид хадгаламжинд мөнгөө байршуулахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаанд хөрөнгө оруулах нь огцом нэмэгдсэн.
- “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй бонд гаргаж зах зээлээс хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татахаар боллоо. Компаниуд нээлттэй бонд гаргах нь манайд түгээмэл биш. Бараг анхны тохиолдол энэ мөн үү?
- Компаниуд төдийлөн нээлттэй бонд гаргаад байдаггүй. Сүүлд 2017 онд “СҮҮ” ХК зургаан тэрбум төгрөгийн нээлттэй бонд, “ЛэндМН ББСБ” ХК нь таван тэрбум төгрөгийн нээлттэй бонд тус тус гаргаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төрийн өмчит компаниуд дотроос анх удаа нээлттэй бонд гаргаж байгаагаараа онцлогтой юм.
- Бонд, хувьцаа хоёрын ялгаа юу вэ. Жишээ нь бидний эзэмшиж байгаа 1072 хувьцаанаас ямар ялгаатай болохыг тайлбарлаж өгөөч?
- Бондыг өрийн бичиг гэж ойлгож болно. Нэг ёсондоо бонд гаргаж байгаа компани нь танаас тодорхой хугацаанд, тодорхой хүүтэйгээр мөнгө зээлж байгаа гэсэн үг юм. Хугацааны эцэст танаас зээлсэн мөнгөө хүүтэй нь буцааж төлнө.
Харин хувьцааны хувьд компанийн хувьцааг авснаар тухайн компанийн хувь эзэмшигч болж, хувьцааны ногдол ашиг болон хувьцааны үнийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. Бондын хувьд тухайн компаниас хувь эзэмшихгүй.
- Нээлттэй бондын онцлог нь эрсдэлтэй гэж үзвэл зарах боломжтой байдаг байх аа?
- Энэ бондын нэг онцлог нь хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтойгоор гарч байгаа нь давуу талтай юм. Бонд 24 сарын хугацаатай гарч байгаа. Тэгэхээр бонд эзэмшигч маань 24 сараас өмнө бондонд оруулсан мөнгөө гаргаж авах эсвэл нэмж бонд авахыг хүсвэл брокерын компаниараа дамжуулан Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, бондоо зарах юмуу нэмж авч болно. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн ханшийн зөрүүнээс ашиг хийх боломж бий гэсэн үг юм.
- “ЭТТ” бондын өгөөжийг банкны хадгаламжаас илүү гэж үзэж байгаа юм билээ. Тайлбарлаж өгөхгүй юу?
- Тийм ээ. Тус компанийн төгрөгийн бондын хувьд жилийн хүү 10 хувь байгаа. Харин банкны жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар 8.5 хувь байна. Ам.долларын хувьд бондын жилийн хүү 6.8 хувь байгаа бол банкны жилийн ам.долларын хадгаламжийн хүү 1.8 хувьтай байна. Тэгэхээр төгрөг, ам.долларын бондоос та сайтар тооцоо судалгаа хийж, сонголтоо хийх боломжтой юм.
- “ЭТТ” бондын эхний арилжаа өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд хэр хөрөнгө оруулалт татсан бол. Нийтдээ хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах ярвигтай гэлцэж байна?
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд хоёр их наяд төгрөгийн бондыг гурван үе шаттайгаар гаргаж байгаа. Эхний үе шат буюу одоо хэрэгжиж байгаа нь 600 тэрбум төгрөгийн бонд юм. Үүн дотроо төгрөг нь 120 тэрбум, ам.доллар нь 168.4 сая гэж хуваагдаж байгаа. Энхий үе шатын захиалгын хугацаа өнгөрсөн сарын 30-наас эхэлж энэ сарын 9-ийг хүртэл үргэлжилж байна. Эхний 600 тэрбум төгрөгийг амжилттай босгож чадвал дараа дараагийн шат амжилттай болох үндэс болно. Одоогоор хөрөнгө оруулагчдын дунд бондын эрэлт, сонирхол их байна. Та бүхэн Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn сайтаар орж захиалгын явцтай танилцаж болноо.
- Төрийн өмчит компанийн гаргаж байгаа бонд болохоор эрсдэл багатай гэж ойлгож болох уу. Эсвэл зах зээлийн хуулиараа л явах уу?
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа ч бонд дээр ямар нэгэн баталгаа гаргаагүй. Мэдээж эрсдэлийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс хөрөнгө оруулагчид маань дор бүрнээ судалгаа хийж, хөндлөнгийн судлаач, шинжээчдийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
- БНХАУ гангийн үйлдвэрлэлээ танаж, байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Үүнтэй холбоотой нүүрсний хэрэглээ багасч, үнэ буурах төлөвтэй байгаа. Энэ нөхцөл байдал нүүрсний экспортын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?
- БНХАУ Австралийн коксжих нүүрсний импортод хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор тус улсад нийлүүлэлтийн хомсдолын суурь нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд Австралийн орон зайг эзлэх боломж байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй гэж таамаглаж байна. Хэрэв манай улсын экспортын хэмжээ буурвал нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ өсөх бөгөөд нийт дүнгээр экспортын орлого буурахгүй байх боломжтой.
- Эхний арилжаа нөгөөдөр дуусах юм байна. Тэгэхээр бонд худалдаж авах сонирхолтой хүмүүс ямар алхам хийх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
- Бонд авахаар сонирхож байгаа хүмүүс эхний ээлжинд үнэт цаасны компаниудад данс нээлгэх шаардлагатай. Данс нээхэд ажлын 2-3 хоног болдог. Үнэт цаасны данстай болсны дараа данс нээсэн брокерийн компанидаа хүсэлтээ өгөөд бонд авах боломжтой. Төгрөгийн бонд нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг, ам.долларын бондын нэгжийн үнэ 100 ам.доллар байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)