Б.УРАН
Шатахууны үнэ савлагаатай байгаа энэ өдрүүдэд монголчууд өөрсдийн хэрэгцээг хангах газрын тосны үйлдвэртэй болох нь хойшлуулашгүй амин чухал асуудал болчихоод байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Газрын тосны үйлдвэрийг гацаанд байлгах сонирхол олон жилийн турш ноёрхож байсан ч, өнөөгийн нөхцөлд гараа өргөөд бууж өгөхөөс өөр аргагүйд хүргэв. Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газар саяхны хуралдаанаараа газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г энэ оны тавдугаар сар гэхэд бэлэн болгохыг Уул уурхайн сайдад даалгалаа.
Хаалттай хуралддаг Засгийн газрын хуралдааны мэдээлэлд газрын тосны үйлдвэр гэдгээс өөр тодорхой нэр томъёо байсангүй. Уул уурхайн яамны “ил тод” мэдээлэлд хүртэл газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах үүрэг авлаа гэсэн гуравхан өгүүлбэр л оршино. Учир нь энэ салбарт маш олон сонирхол байдаг. Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хий, шингэн түлш гаргах 15 төсөл Монгол Улсын хэмжээнд яригдаж буй. Тэдэн дундаас Д.Ганхуяг сайдын сонгож, Засгийн газарт танилцуулсан төсөл бол “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” гэнэ. Уул уурхайн сайд японуудыг далдхан дэмжсэн нь энэ бололтой. Хонгор сумын нутаг Ноён Хонгор уулын өвөрт шавыг нь тавьсан тус үйлдвэр газрын байршил, эдийн засгийн үр өгөөжөөрөө хамгийн их маргаан дагуулсан тул Засгийн газрын хуралдаанд чимээгүйхэн оруулсан нь гайхаад байх зүйл биш. Удирдагчаар нь академич Т.Намжим ажиллаж, Японы “Тоёо инженеринг” болон “Марубени” корпораци хамтран хэрэгжүүлэхээр болсон “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл. 2011 онд үйлдвэрийн шавыг тавьж, тухайн ондоо барилгыг нь эхлүүлж 2015 он гэхэд ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдрийг хүртэл тавьсан шав нь тэр л хэвээрээ байгаа. Жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулж, 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тодотгож байгаа ч бодит тооцоолол мөн эсэхэд зарим судлаачид эргэлздэг. Учир нь энэ үйлдвэрийн түүхий нефтийг ОХУ-аас авахаар болсон. Жилдээ хоёр сая тонн түүхий нефть импортлох гэрээг оросуудтай хийчихсэн. Гэвч газрын байршил нь түүхий тос импортлох, бүтээгдэхүүний хэрэглээ өндөр аймгууд руу тээвэрлэхэд тохиромжгүй, мөн нефть гаднаас авах нь бэлэн бүтээгдэхүүн авснаас зөрүү бараг гарахгүй гэдэг. Дээрээс нь тус үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн биш. Хэдийгээр японууд үйлдвэрийн барилгыг барьж өгөх гэрээтэй ч ашиглалтад орсны дараах зардал нь хэт өндөр байх магадлалтай. Үүнийг зарим хүн өдгөөгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн жишээн дээр харьцуулан тайлбарлаж байна билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг японууд 100 сая долларын өртөгтэйгөөр барьж байгуулж өгчээ. 1990-ээд оны энэ хэмжээний мөнгийг өнөөдрийн ханшаар тооцвол хэр их болох вэ гэдэг дээр тоо бодох илүүц. Харин Дарханыхтай төстэй гэж хэлж болох хаягдал төмөр боловсруулах үйлдвэр 2007 онд Багануурт 10 сая долларын өртөгтэйгөөр боссон байна. Энэ хоёр үйлдвэрийн хэрэглэж байгаа эрэг шураг, элдэв тоног төхөөрөмжийн үнэ тэнгэр газар шиг ялгаатай байдаг аж. Яг үүнтэй адилхан юм ирээдүйд босох нефтийн үйлдвэр дээр гарч ирэх вий гэсэн болгоомжлол энэ салбарын мэргэжлийн хүмүүсийн дунд ихээхэн байгаа нь Уул уурхайн сайд Д.Ганхуягийн сонорт хүрсэн гэж найдъя.
Засгийн газрын хуралдаанаар чимээгүйхэн орсон “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ТЭЗҮ нь бэлэн болоогүй. Ийм байхад үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах ажил шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд багтах эсэх эргэлзээтэй. Гэтэл монголчууд шатахууны хэрэглээгээ Оросоос хараат бус болгох шаардлага өнөө, маргаашгүй тулчихаад байгаа юм. Үйлдвэр байгуулах ус, цахилгаан, зам харилцааны сүлжээний өргөн боломжийг харгалзан Дархан-Уул аймгийг сонгож авсан гэж төслийн багийнхан хэлж байгаа ч үйлдвэрийг өртөг, урсгал зардал зэрэг ирээдүйн зардлууд түүнээс нь ч давж мэдэхээр. Тэгэхээр Засгийн газар наад тал нь гурван жилийн дараа бэлэн болох, өртөг өндөртэй үйлдвэрийн төслийг дэмжсэн байх нь. Гэтэл заавал хойд хөршөөс түүхий нефть авалгүйгээр өөрсдийн нөөцийг ашиглан үйлдвэр барих бусад төслүүд бий. Дээр хэлсэнчлэн энэ чиглэлийн 15 төсөл бэлэн байдаг. Тэдгээрээс үйлдвэрийн шавыг нь тавьчихсан хоёр ч том төсөл бий. Дорноговийн Сайншандад Зүүнбаянгийн Цагаан элсний болон Их, бага тариачийн газрын тосны ай савыг түшиглэн шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл. Мөн Тамсагийн Тосон уулын XIX талбайн 180 сая тонн газрын тосны нөөцийг түшиглэн, жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн шавыг тавьчихсан. Энэ нь Тамсагаас 180-аад километрийн зайтай орших Булган сумын Зарааны хөндийд бий. Энэ үйлдвэрийг Чойрт барьсан ч болно гэж эрдэмтэд үздэг. Учир нь Оюутолгой, Тавантолгой, Цагаан суврагын зэс, Сүхбаатар аймгийн металлын орд гээд говь талдаа хэрэглээг хүргэхэд энэ байршил тохиромжтой гэдэг. Эдгээр үйлдвэр нь дотоодын хэрэглээгээ 10 жил орчим хангана гэсэн тооцоолол бий. Японуудын барьж өгөх гээд байгаа үйлдвэрийг дахиад гурван жил хүлээх хоорондоо иймэрхүү жижиг үйлдвэрүүдээ дэмжиж, юу юугүй гал алдах гээд байгаа нефтийн гачигдлаасаа гарах хэрэгтэй баймаар. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр, дотоодын газрын тосны нөөцдөө түшиглэн бэлэн болчихсон ТЭЗҮ-гээр үйлдвэрээ барьчихья гээд байна. Үүнд нь заавал төр оролцоно гээд зүтгээд байх юм.