Б.ДОЛЖИНЖАВ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Вакцины нийлүүлэлт санхүүжилтээс шалтгаалахгүй байгаа. Бид худалдан авах гэрээгээ хийж санхүүгийн эх үүсвэрүүдээ бэлдсэн. Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. ОХУ-аас Спутник, мөн АстраЗенека вакцин худалдан авах гэрээ амжилттай урагшилж байгаа.Эхний ээлжинд маш том голомт болсон Улаанбаатар хотоо вакцинжуулна. Дараагийн ээлжинд буюу 9, 10-нд ирэх вакцинжуулахаар төлөвлөж байгаа” гэж ярилаа.
COVAX хөтөлбөрийн хүрээнд 239160 тун вакцин ирнэ
Харин ЭМЯ‑ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
“Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байна. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна. Дараагийн ээлжинд Олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургадугаар сарыг дуусах хүртэл COVAX хөтөлбөрийн хүрээнд 239160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn