Т.БАТСАЙХАН

 

Улсын дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан.  Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, ийнхүү Дээд шүүх эцэслээд байна.  Цаашид С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэрхэн үргэлжлэх нь анхаарах татаж байна.  Мөн  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах нь цаг хугацааны асуудал боллоо.   Тэгвэл Дээд шүүхийн энэхүү шийдвэртэй зэрэгцэн Засгийн газраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ.  Мөн өчигдөр УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцсэн юм.  Чуулганы үеэр гишүүд ямар , суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газраас С.Зориг агсны амиа алдсан хэргийг өчигдөр нууцын зэрэглэлээс гаргана гэж хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ манлайлал үзүүлмээр байна. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амиа алдсан хэргийн үйл явцыг хэвлэл мэдээллээр нээлттэй танилцуулах асуудлыг шийдмээр байна. Хүний эрхийг хамгаалах асуудлаар УИХ хууль баталж шийдэж байгаатай адил энэ асуудал дээр шуурхай, санаачлагатай ажилламаар байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу суллах хэрэгтэй. 1998 онд энэ хэрэг гарснаас хойш олон удаа шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн 2000 оны сонгуулийн өмнө “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлээд тэр үеийн МАН 74 суудал авч байсан. Энэ завсар 2003 онд Д.Энхбат гэдэг хүнийг францаас авчирч эрүүдэн шүүсэн. Өөр зүйл болоогүй. Сүүлд 2015 онд энэ хэдэн хүнийг сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн. Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад илрүүлээгүй вэ гэдгийг ард түмэн асууж байна”  гэлээ.

Ийнхүү үргэлжлүүлэн парламент Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Оюутолгойгоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Харин Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч талаас манайд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байгаагаа хэлдэг. Гэвч Ажлын хэсэгт орсон зарим гишүүд гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байна. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай болох хэрэгтэй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 -Арбитртай холбоотой олон асуудал бий. Зарим гишүүдийг үүнд хардаад байгаа. Үнэхээр гишүүд үүнд холбоотой юу. Үүнд тодорхой тайлбар өгөөч. Нэгнийгээ гүтгэж, хардаж болохгүй.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцалж, хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргахаар ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 -Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг хойшлуулах хэрэгтэй. Илүү мэргэжлийн хүмүүсийг нь оруулаад явах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуулийн хүний агуулгаар яриад байна. С.Ганбаатар энэ гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Зарчмын ийм эрс тэс нөхцөл байдал дунд энэ Х.Нямбаатар  хэлэлцээр хийгээд явбал дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болно. Шоронд орно шүү дээ гэдгийг мөн хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.2 БААСАН № 66 (6543)