Т.БАТСАЙХАН

 

Өчигдөр: Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой 40 хавтас маш нууцын баримт болон шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Хурц,  Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүдэн шүүсэн хэргийг хаалттай хэлэлцсэн юм.

Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.   Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг хууль тогтоох Дээд байгууллага тогтоолоо. Цаашид С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэрхэн үргэлжлэх нь анхаарал татаж байна.  Мөн  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар  суллагдах нь цаг хугацааны асуудал боллоо.

2020.07.22: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц,  Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. Тухайлбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат,  Ж.Мөнхгал, С.Баярт нарт гурван жил, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноожээ.

2020.10.29: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарын хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

2020.11.23: Улмаар Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж байв.

Т.Хүрэлбат: Шүүгч нарт итгэхгүй байна

Түүнчлэн шүүх хурлын үеэр  Дээд шүүхийн гадна Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат очиж, дүүгээ суллахыг шаардлаа.

 Тэрээр “Шүүхээс өөдтэй үр дүн хүлээхгүй байна. Учир нь өмнө нь хэрэг дээр орсон шүүгч нар бүгд байгаа учраас надад итгэл төрөхгүй байна. Манай дүү надад хэлсэн л дээ. Гол үндэслэл нь төрийн нууц гээд байгаа юм. Чимгээ маань "Би төрийн нууц гээд ямар ч зүйл хэлэхгүйгээр эндээ үхэх. Эсвэл тэр бүхнийг хэлээд ямар нэгэн боломж, бололцоо гарвал эндээс явах гэсэн ийм л хоёр хувилбар байна гэж ярьж байна” гэлээ.

 


Хэн, юу хэлэв?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн асуудлыг  ҮАБЗ-ийн хэмжээнд ярина /2021-03-08/

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хорих 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй биечлэн уулзсан юм. Үүний дараа тэрээр  "Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг зөрчсөн асуудал болно.  Шүүхийн гэм буруугийн асуудлыг гүйцэтгэх засаглал ярьж болохгүй. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдал, эрүүдэн шүүх асуудалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон” гэдгийг онцолсон.

 

Ц.Нямдорж: Эрүүдэн шүүх ажиллагааг Г.Эрдэнэбат, Б.Хурц нар гардан удирдсан /2020.03.28/

 

С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай байдлаар үзүүллээ.  Энэ үеэр тухайн үед ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “Гурван шатны шүүхийн шийдвэрт “Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нартай хамтран С.Зоригийн амь насыг шунахайн сэдэлтэй, захиалгаар хороосон болох нь тогтоогдов” гээд дүгнэлт хийчихсэн байдаг. Эрүүдэн шүүх ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Бүгд шалгагдах ёстой. Шалгах байх гэж найдаж байна. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр. Тэд эрүүдэн шүүх үйл ажиллагааг гардан зохион байгуулсан” гэсэн байр суурь илэрхийлсэн.

 

Х.Нямбаатар: Эрүүдэн шүүсэн гэдэг нь тодорхой байна /2021.03.10/

 

Тэгвэл одоогийн ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар “Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа ч Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй байна. Хүний эрх зөрчигдсөн. 2014 оноос эхлээд Т.Чимгээг Амгаланбаатараар дарамт­луулдаг, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдэл байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн үйлдэл” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)