Б.ОД
Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нарт Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгохоор болсноо мэдэгдсэн юм. Хавдар судлалын үндэсний төвд гуравдугаар сарын 26-ны өдрөөс COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25740 тун Pfizer вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд хийж эхлээд байна.
Ерөнхий сайдыг Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр “Хөл хорио тогтоохгүй бол халдварын тархалт зургадугаар сарын дунд үеэр одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцоолол гарсан” гэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй.УОК-оос дөрөвдүгээр сарын 3-18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn