Ч.ОЛДОХ
Малчид ямаагаа самнаж эхлэхтэй зэрэгцэн “Нэг кг нь 150-160 мянган төгрөг” гэсэн ханшийн мэдээлэл цацагдав. Одоохондоо ийм үнэтэй байгаагаас биш ирэх сарын дундуур буюу оргил үедээ очиход ханш унана. Ноолуурыг хэзээ хэрхэн бэлтгүүлж, цааш нь яахыг түүхий эд авдаг хятадууд зохицуулахаас биш манайд ямар ч бодлого байдаггүй. Ер нь бол эхний үед хамгийн чанартай ноолуур бүхий зүүн гурван аймгийнхан ямаагаа самнаж дуусдаг. Баруун аймгууд байгаль, цаг уураас шалтгаалан ноолуурын ханш унах үетэй давхцдаг. Авч байгаа эзэд тэрийг тооцоолон ноолуур дөнгөж гарч эхлэх үед үнийг зориуд өндөр хэлж, оргил үед ханшийг нь унагаж авдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг. Бид өөрсдөө худалдаж авдаг, дотооддоо бэлтгэдэг болчихвол малчдад л ашигтай. Өнгөрсөн жил Засгийн газар ноолуур бэлтгэх үед малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгоход зориулан 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Зээлийн хүүг бууруулж байгаатай холбоотой 30 тэрбум төгрөгийг зардлыг төр өөрөө хариуцна гэж байв. Гэвч тэр нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Банкнаас зээл хүсэгчдэд тавьж буй шалгуур нь өндөр учраас гуравхан үйлдвэр үлдэж, бусад нь босго даваагүй. 300 тэрбумаас дөнгөж 50 тэрбумын зээл ноолуурын салбарт эргэлдсэн бөгөөд түүхий эд авдаг хятад эзэд хожоод өнгөрсөн. Эндээс дүгнэлт хийхэд ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ингэснээр ноолуурын үнийг тогтвортой болгож, малчдын амьжиргааг дэмжих бодлого хэрэгтэй нь харагдаж байна. Харамсалтай нь энэ жил цар тахал, хорио цээрийн дэглэмээр амьсгалж байгаа болохоос ноолуурын салбарыг мартсан мэт бодлого огт яригдсангүй. Уг нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах 10 их наядын зээлийг Засгийн газар шийдвэрлэсэн. Гэтэл газар тариалан, ноос ноолуур дээр зээлийн ямар зохицуулалт байх талаар юу ч ярьсангүй. Наад захын хүнс, барааны худалдаа, жижиг бизнес эрхлэгчдийг аваад үзэхэд зээлийн босго өндөр, болзол нь хатуу, тухайлбал заавал үл хөдлөх хөрөнгийн барьцаа байх ёстой. Ингэхдээ зөвхөн орон сууц барьцаалж зээлд хамруулна гэхчлэн хатуу шалгуур тавьсныг дээр доргүй ярьж байна. Монгол орон чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд хэдэн компани бий болж, түүнээс хэчнээн нь өөрийн гэсэн обьект хөрөнгөтэй болж вэ гээд үзвэл асуудалтай. Өөрийн байртай компани бараг байхгүй, ихэвчлэн түрээс, татаасаар болгодог. Тэгэхээр дахиад өнгөрсөн жилийнхтэй адил шалгуур хангахгүй гэх нэрээр ноолуур авдаг, бэлтгэдэг дотоодын үйлдвэр, компаниуд зээл авч чадахгүй нь. Ноолуурын ханш ч савлаж, оргил үедээ бүр ч навс унаж малчид хохироод л өнгөрөх төлөвтэй. Гэтэл ноолуур бэлтгүүлж авдаг хятадын эх сурвалжууд Монголын ченжүүдэд хүүгүй, барьцаагүй зээл өгч түүхий эдээ бэлтгүүлж авдаг. Ченжүүдийн тухайд тэд түүхий эд цуглуулж чадна, хаанаас яаж цуглуулах уу гэдгээ мэднэ, ямар хэмжээтэй байхыг ч мэднэ. Харин хаанаас мөнгө босгох вэ гэдэг дээр хятадын түүхий эд авдаг эздийн зээлийн уян хатан нөхцөл урхи болж байгаа нь нууц биш. Зүүн аймгуудад ноолуур бэлтгэдэг бизнесмэнүүд “Зээлийн шалгуур хатуу, хамрагдахад хүндрэлтэй байна. Уг нь 10 их наяд үнэхээр байна уу гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Уг нь энэ мөнгийг гурван сая иргэнд хуваахад нэг хүнд 50 сая төгрөг ногдохоор. Бүх банк орон сууцны зээл олгочихсон, эргэн төлөлт орж ирэхгүй, орон сууц зарагдахгүй байгаа. 10 их наядыг банк руу шилжүүлснээр зөвхөн банк л өөрөө аврагдаж үлдэх гарц харагдаж байна. Түүнээс жижиг, дунд үйлдвэр эхлэгчид, газар тариалан эрхлэгч, ноос ноолуур авдаг, бэлддэг бидэнд ямар ч нэмэргүй. Монголын төр хэзээ ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ дэмжин ажлын байрыг нь нэмэгдүүлж, нөгөө талаас ноолуурын үнийг тогтвортой болгож малчдын амьжиргааг дэмжих вэ? .
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.30 МЯГМАР № 63 (6540)