С.САРУУЛ

ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг суллажээ. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уучлал үзүүлэхийг хүссэний дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Г.Солтанд уучлал үзүүлжээ.

 УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулахдаа Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Улсын дээд шүүх Г.Солтанд холбогдох хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр хорих ялаа биечлэн эдэлж дээрх ангид шаазан урлалын багшаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn