Б.ТӨГС

 

Бидний бөмбөрцгөн дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагийн бараг нэг тэрбум нь хоол олж идэхийн тулд амь амьдралаа зориулж байна. Өөрөөр хэлбэл, өлсгөлөнд нэрвэгдэн амьдарч байна. Харин нөгөө талд нь бид жил бүр 1.3 тэрбум тонн буюу гурван тэрбум хүнийг цатгахад хүрэхүйц хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж байна.

“Зууны мэдээ” сонин долоо хоног бүрийн баасан гаригийн дугаартаа “Zero waste” буюу тэг хаягдалтай амьдрахыг уриалж энэхүү буланг тогтмол хөтлөн явуулж байгаа билээ.

Хог хаягдал, тэр дундаа хоол хүнсний хаягдлын асуудал дэлхий нийтийн томоохон асуудал болоод байна. Үүнд хоол хүнстэй холбоотой сав баглаа боодлыг огтхон ч тооцоогүй гэдгийг хэлэх нь зөв. Хоол хүнсний хаягдал нь зөвхөн өрх гэрийн асуудал биш бөгөөд байгаль орчин, эдийн засгийн ноцтой үр дагаврыг авчирч байна. Тэдгээрээс зарим баримтыг дурдвал:

-Дэлхий дээр жил бүр хүний хэрэгцээнд зориулж үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь хаягддаг. Үүний зөвхөн 25 хувийг хэмнэсэн бол дэлхийн 870 сая хүнийг тэжээхэд хангалттай юм.

-Хүнсний хаягдал нь жилд 4.4 гигатонн хүлэмжийн хий үүсгэж байгаа бөгөөд хэрэв улс байсан бол дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч болно.

-Аж үйлдвэржсэн орнуудад 680 тэрбум, хөгжиж буй орнуудад 310 тэрбум ам.долларын хохирол учруулж байна.

-Нэг хүнд ногдох хүнсний хаягдал Европ, Хойд Америкт жилд 95-115 кг,  Африкийн Сахар, өмнөд ба зүүн өмнөд Азид 6-11 кг байна.

-Баян орнуудад жилд 900 орчим кг хүнсийг нэг хүнд зориулж үйлдвэрлэдэг бол буурай орнуудад 460 кг байдаг.

-Хоол хүнсний гадаад үзэмжийг хэт чухалчилдагаас болж их хэмжээний хоол хүнс үрэгддэг.

-Хүнсний төрлөөр авч үзвэл үр тарианы 30 хувь, үндэс ургац, жимс, ногооны 40-50 хувь, тосны үр, мах, сүүн бүтээгдэхүүний 20 хувь, загасны 35 хувь нь хаягддаг.

-Дэмий хоол хүнс үйлдвэрлэхэд зарцуулсан усыг хэмнэсэн бол есөн тэрбум хүн өдөр бүр 200 литр ус хэрэглэх боломжтой байв.

-2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум болно. Тэр үед энэ хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг 70 хувиар нэмэгдүүлэх ёстой.

-Дэлхийн цэвэр усны хангамжийн 25 хувийг хэзээ ч иддэггүй хоол хүнс ургуулахад зарцуулдаг. Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

 

Хаясан хүнс бүрийн үнийн дүнг бодоорой

Жил бүр хаягдал болгон хаяж байгаа 1.3 тэрбум тонн хүнсийг багасгахын тулд хүн бүр дор бүртээ хичээхэд маш том үр дүн авчирна. Хэрэв бид хоолоо тааруулж хийдэг, гүйцэд иддэг, илүүдэл хүнс худалдаж авахгүй, шим тэжээлтэй, зөв хүнсээ тохируулан хэрэглэж сурахад л болох асуудал. Бид дэлгүүр орох бүртээ хөргөгчөө дүүргэхийг эрмэлзэж, гашилсан сүү, хөгцөрсөн талхаа санаа зоволгүйгээр хаяж орхидог. Хэрэв хүн бүр дор бүрнээ ахиц гаргавал хүнс үйлдвэрлэлийн хэмжээ ч тэр хэрээр буурах боломжтой.  Та байгаль орчиндоо ээлтэй амьдрахад туслах дараах аргуудыг хэрэгжүүлж үзээрэй.

 

Хэрэгтэй зүйлээ л худалдаж авах

Долоо хоногийн эцэст хөргөгчөөс тань хоолны хаягдал гарч байвал та илүү зүйл авсан л гэсэн үг. Хүнсний хаягдал гаргахгүй байх үйл явц супермаркетаас эхэлдэг. Тиймээс хэрэггүй зүйлс бүү худалдаж ав, авсан зүйлээ л ид гэсэн энгийн дүрмийг санаарай. Үүний тул долоо хоног бүр хоолны цэсээ урьдчилан гаргаж сурвал маш сайн.

 

Хөргөгчиндөө зөв хийх

Хөргөгчинд хүнсийг зөв байрлуулснаар хаана, юу байгааг мэдэж, хөргөгчийн буланд муудаж хөгцөрсөн зүйлсийг анзааралгүй өнгөрөөхгүй болно. Ихэвчлэн хөргөгчийн дунд тавиур хамгийн хүйтэн байдаг тул махан бүтээгдэхүүн, сүү, таргийг хадгалахад тохиромжтой. Дундаас дээд хэсэгт хөргөгчийн температур арай өндөр байдаг тул ундаа, тагийг нь нээсэн лаазалсан бүтээгдэхүүн, жимсний чанамал зэргийг байршуулаарай. Харин доод тавиуруудад жимс, ногоо хадгалахад тохирно. Хөргөгчийн хаалганы температур дээд хэсэгтээ илүү хүйтэн байдаг тул өндөг хадгалахад зохимжтой байдаг. Харин доод хэсэгт янз бүрийн сүмс, уух зүйлсийг байрлуулах нь зүйтэй.

 

Хаяж байгаа хүнсийг тэмдэглэх

Хаяж байгаа бүх хүнсээ тэмдэглэн авч өөртөө дүгнэлт хийгээрэй. Ингэхдээ хогийн сав руу орж байгаа бүх зүйлсийн үнийг тэмдэглэлдээ бичих нь маш үр дүнтэй арга шүү. Энэ бол нэг талаас байгаль орчин нөгөө талаас хэтэвчээ хэмнэх супер арга.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.26 БААСАН № 60 (6537)