Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /03.25/ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авч, татан авах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэллээ. Учир нь ХЭҮК-ын дэргэд хүний эрхийн чиглэлээр хороо байгуулах нь зохисгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ мэт чухал шаардлагатай биш хуулийн төслийг хэлэлцэж цаг үрж байгааг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Одоо ажил хийе л дээ. Би Д.Цогтбаатарт хуулийн төслөө татаад авчих, битгий ажил удаад бай гэж хэлсэн. Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бид бодитой ажил хийе л дээ. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:-Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Дэг журмаараа явж байна. Ойлголтын зөрүү байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Төр хүний эрхийг зөрчиж, хамгаалж байдаг гэсэн логиктой байгаад байна. Та ардчиллыг анхнаас нь эхлүүлсэн хүн байж, иргэдийн оролцоо хүний эрхийг хангахад чухал байдаг юм байна шүү дээ. ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Бид өнгөрсөн зууны сэтгэлгээнээс салах цаг болсон” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn