Ч.ОЛДОХ

 

Эдийн засагч, судлаач Д.Пүрэвжалтай ярилцлаа.

 

-Залуу гэр бүлийг хямд үнэ бүхий  орон сууцанд хамруулах  бодлогыг  Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл бодит байдалд  хүү багатай зээлд хамрагдах боломж хомс, ихэнх зээл иргэдэд дарамт болдог.  Энэ байдлыг судлаачид хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газраас хүн амаа, түүн дотроо залуу гэр бүлийг орон сууцжуулахад туслах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь зөв алхам. Залуучууд бол улс орны ирээдүй, хийж бүтээх итгэл найдвар, хүсэл тэмүүлэл дүүрэн, биеийн болоод оюуны асар их нөөц боломжтой хүн амын идэвхитэй хэсэг. Харин тэд шууд орон сууц худалдан авах хуримтлал бий болгож хараахан амжаагүй байдаг. Тэднийг  хөтөлбөрт хамруулан  өөрийн гэсэн  тав тухтай амьдрах орон сууцтай болгож, авсан зээлээ  ямар нэг  дарамтгүй  төлөхөд нь  төр, засгаас дэмжиж байна. Үүний тулд Засгийн газар, Монголбанк харилцан тохирч, тодорхой хэмжээний эх үүсвэр бүрдүүлэн арилжааны банкуудад хуваарилж, тэдний журмаар олгож ирсэн. Харамсалтай нь тэрхүү зээлийг арилжааны банкуудын зээлийн эргэн төлөлтийн график буюу тооцооллоос  харахад эдийн засгиийн агуулгагүй, мөлжлөгийн хэрэгсэл болоод байна. Үндсэн зээлээс дахин нугалсан зээлийн хүү  төлүүлэх нь жил тутам Засгийн газар, Монголбанкны эх үүсвэр мөнгийг ашиглан арилжааны банкууд зөвхөн ашиг олох хэрэгсэл болгоод, уг барилгын өртгийг хий өсгөж, улс орны эдийн засгийг буруу жишгээр  хямруулж \үнэ өсгөж\ байгааг төр  анхаарахгүй байж болохгүй. Тэгээд ч дээрх эх үүсвэрийн мөнгөний эргэлтийн тоог тооцохгүй байгааг  зогсоох ёстой. Тэгж гэмээ нь зээл нь агуулгаараа эдийн засгийн зогсонги байдлыг зогсоож, иргэд байгууллагыг дэмжин туслах эдийн засгийн хөшүүргийн үүрэг гүйцэтгэх учиртай.

-Зээл төлөөгүй хоног хэтэрсэн тохиолдолд арилжааны банкууд алданги тооцдог. Үндсэн зээл, зээийн хүү, дээр нь алданги гээд иргэд өрнөөс өрийн хооронд амьдарч байна. Энд хуулийн зохицуулалт байх ёстой юу?

-Монгол Улсын шүүхийн шийдвэрийн шатанд иргэд хоорондын мөнгө зээлж төлөх явцад зарим иргэд итгэл эвдэж зээлийн хугацааг хэтрүүлж, хугацаа алдаж төлөхөд шүүхийн шийдвэр нь үндсэн зээлийн 50 хувиас дээш зээлийн хүүг төлөхийг зогсоож шийдвэрлэдэг журамтай. Энэ байдал хууль зүйн үүднээс ижил мөрдөгдөх учиртай. Алданги тооцох ёсгүй. Хувь иргэд, хувийн өмчинд  суурилсан арилжааны банкууд эрх зүйн хувьд ялгаатай байх учиргүй.

-Ипотекийн зээлд хамрагдсан иргэд   зээлээ төлж байна гэж ойлгодог. Гэтэл  манайд эхний жилүүдэд зөвхөн  зээлийн хүүг шахаж  төлүүлдэг. Зээлийн зарчим ийм байж болох уу?

-Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны тухайн жилдээ батлагдсан эх үүсвэрийг ашиглаж буй мөртлөө зээл төлөх графикаас харахад шууд эхний ээлжинд 30 жилийн хүүг урьдчилан төлүүлж байгаа нь мөнгөний давхардлыг бий болгож байна. Энд дээрх эх үүсвэр болох мөнгөний эргэлтийн тоог тооцож, эхний таван жилд хүүг төлүүлэх бус үндсэн зээлээ л төлөх учиртай юм. Тэгж гэмээ нь зээл зориулалтын дагуу, утга агуулгатай  болж, иргэдийн зээлийн хүүгийн дарамт буурч, улс орны хувьд барилгын төсөвт өртөг өсөх нь хязгаарлагдаж, барьсан барилгын борлуулалт ч сайжрах, улс орны эдийн засагт нөлөөлөх эерэг өөрчлөлт гарах болно.

-Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн олонх нь ахмадууд болон зорилтот бүлгийнхэн, байдаг. Түрээс, зээлийн тухайд бас л шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар?

-Төр, засаг залуу гэр бүлээс гадна ахмадын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх нь бодлогын нэг хэсэг байх учиртай. Эх орондоо хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон хүн  тэтгэвэрт гарсан ч  зарим нь байр орон сууцанд орж чадаагүй байдаг.  Ахмадуудад зориулсан орон сууц бага талбайтай, хямд өртөгтэй, хотоос зайдуу асрамжийн газраас арай өөр, үр хүүхдэд дараа болохооргүй, бие биедээ тустай, дурсамжтай амьдрах боломж бүхий хотхон хэлбэрийн зохион байгуулалттай байвал зүгээр санагддаг. Үүнд зориулан  тусгай сан байгуулж, өмчлүүлэхгүй түрээсийн  хэлбэрээр ашиглуулж болох юм. Тусгай санд сайн санаат хүмүүс, буяны болон хамтын байгууллагын тусламж дурсамж дурдатгалын номын тодорхой хувиас  гадна  тухайн  ахмад настны өмнө нь  ажиллаж байсан байгууллага хамт олон  дэмжлэг үзүүлж,  өөрсдөө тохижуулж эзэмшиж эмнэлэг, асаргаа, сувилгаа үйлчилгээ  үзүүлж болно.  Бас мэргэжлийн холбоод, өсвөр үеийнхэн  туршлага солилцох,уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах боломжтой. Ер нь хөгшрөх насанд хүүхдүүдтэй хамт амьдрах үнэхээр хэцүү болдог юм байна. Хоол ундны төрөл, идэх цаг хугацаа нь ч өөр болдог, унтаж амрах цаг нь ч өөр.  55-75 нас хүртэл бие даах боломжтой, арай асаргаа сувилгааны нас биш юм, дээр нь хань ижлээ алдаад их хямралтай, ганцаардах нас байдаг юм байна  гэж хүн болгон л ярих юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)