Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Гуравдугаар сарын 23-ны байдлаар ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн болон ипотекийн гээд нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.  Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээлийг богино хугацаанд олгож  байна гэлээ.  Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар  361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.    Сангийн яам зээл олгохтой холбоотойгоор “Олон нийтийн хяналтын зөвлөл’’ ажиллуулж байгаа гэдгийг Сангийн сайд  Б.Жавхлан тодотголоо.

Товчхон

-  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-        “Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөжээ.

-    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Ингэснээр анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх боломжтой болж байгаа юм байна.

-       Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх аравдугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.  

 

Эх сурвалж:www.polit.mn